Засгийн газарГадаад харилцааОнцлох

Турк Улсад манай 6 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна

Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ноён Ведат Билгин Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяагийн урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ноён Ведат Билгин тэргүүтэй төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын иргэдийн нийгмийн харилцааны тэгш эрхийг хангах зорилго бүхий нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах чиглэлд Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс 2016 оноос эхлэн онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2018 онд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, энэ хэлэлцээр 2021 оны 3-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Ингэснээр хоёр улсын иргэдийн Монгол болон Бүгд Найрамдах Турк Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох боломж бүрдсэн. Мөн ийм байдлаар хоёр улсын иргэд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж тогтоолгон авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Ийнхүү хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах боломж бүрдсэнд талархаж байгаагаа А.Ариунзаяа сайд уулзалтын эхэнд илэрхийллээ. Одоогоор Монгол Улсын 6 мянга орчим иргэн Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцож өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгааг уулзалтын үеэр хоёр тал онцоллоо.

Мөн энэ үеэр Монгол Улсад эмчлэх боломжгүй Тархины саажилт, уналт таталттай хүүхдүүдийг эмчлэх, хагалгаа хийх талаар Турк улсын эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа А.Ариунзаяа сайд илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд Турк Улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс энэ салбарын туршлагыг Монгол Улстай хуваалцаж, аялал жуулчлалын мэргэжилтэн, боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг Ведат Билгин сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих зорилтыг дэвшүүлсэн. Бүгд Найрамдах Турк Улс ядуурлыг бууруулж ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж байгаа. Тиймээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, дараагийн зорилтуудаа тодорхойлох ёстой гэдгийг хоёр сайд санал нэгтэй илэрхийллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version