НийгэмFocus

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК-тай гэрээ байгуулж,  ажил эхлээд байна. Төслийн барилга угсралтын ажил 16 сарын хугацаанд хийгдэж дуусах бөгөөд төслийн нийт өртөг 65.6 тэрбум төгрөг байна.

Амгалан дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж суурилагдсан хүчин чадал 100 Гкал/ц-аар нэмэгдсэнээр долоон сургууль, долоон  цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах бөгөөд эх үүсвэр хооронд ачаалал шилжүүлэх боломж бүрдэнэ.

Ингэснээр  хотын сүлжээг оновчтой схемээр ажиллуулж,  “ДЦС-3” ТӨХК-ийн 250 МВт-ын өргөтгөлийн ажлыг хэрэгжүүлэх техникийн боломж бүрдэх юм. Үүнээс гадна Амгалан дулааны станцын өргөтгөлтэй уялдан хотын зүүн хэсгийн 40 гаруй халаалтын зуухыг зогсоож, түүнээс хангагддаг барилга, байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулна. Амгалан ДЦС ТӨХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.1 сая Гкал/ц хүртэл нэмэгдэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version