театрОнцлох

“Гэм зэм” хэдэн Муза өргөх вэ?

Шүүхийн зарлан дуудах хуудас, Петербургийн мэдээ хоёроо цүнхлээд Зууны шүүх хуралд очлоо, өчигдөр. Петербургийн ядуусын хорооллын зартай мөнгө хүүлэгч Алена Ивановна, түүний дүү Елизаветта Ивановна хоёрын амь насыг шунахайн сэдэлтэйгээр онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон Раскольниковыг шүүж байгаа юм.

Түүнд цаазын ял төлөвлөсөн улсын яллагч, түүнийг санаатайгаар хүний амь насанд хүрээгүйг нотлох гэсэн өмгөөлөгч хоёрын тэмцэл шүүх хурлын танхим доргитол, заримдаа эрхэм шүүгчийг цочтол өрнөлөө. Гайхмаар нь би анхнаасаа л Раскольниковын талд байж, цаазаар авхуулах ялаас хэлтрээсэй хэмээн түүний итгэдэггүй бурханд хүртэл залбирч суув. Түүний аллага үйлдсэнийг зөвтгөхгүй ч тэр зөв зүйл хийсэн гэдэг мэдрэмж тархинд эргэлдэнэ.

Олон хүний зовлон, нулимс, ядуу тарчиг амьдрал, өлсөж туйлдсан бие, ядарч зүдэрсэн нуруун дээр нь суучихаад мөнгө хүүлдэг шуналт эмгэнийг тэр хөнөөсөн. Гэм зэмгүй охин дүү нь л хайран санагдана. Олон гэрчийн ээдрээт мэдүүлэг, улсын яллагчийн цуглуулж дэлгэсэн айхтар баримтууд, шүүгдэгчийн үнэнээ хүлээсэн “Би бол гэмтэн” гэдэг үгийг сонссон шүүгч эцэст нь Раскольниковыг цаазын ялаас чөлөөлж, Сибирь дэх цөллөгийн шоронд энгийн дэглэмтэйгээр 10 жил хорих ялаар шийтгэлээ. Шинэ түүх, шинэ ертөнц…

Энэ бол “Гэм зэм” постдрамын жүжиг. Орфей театрын бүтээл, нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг шуугиулж байсан эл уран бүтээлийн “Гэгээн муза” олон улсын наадамд зориулсан тоглолт Соёлын төв өргөөний тайзнаа амилав. Эргэдэг, хоёр талаас нь шат дэлгэгддэг авсаархан дөрвөлжин тайз, “жүжигчин” сандалнууд, тун энгийн хувцаслалт нэмэх нь найруулгын өвөрмөц мөртлөө ойлгомжтой шийдэл, уран яруу үг хэллэг, жинхэнэ жүжиглэлт, зохисон хөгжим тэнцүү драмын жүжгийг ингэж тоглож болдог гэж үү? хэмээх гайхширал бас бишрэл.

16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” олон улсын наадмын хоёрдугаар шатанд “Гэм зэм”-ийг бүтээгчид 10 төрөлд нэр дэвшин өрсөлдөж буй. Тэднээс “Шилдэг найруулагч” номинацид жүжгийн найруулагч М.Батболд, “Шилдэг зохиолч” номинацид жүжгийн зохиолч Я.Баяраа, “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид Раскольников буюу Д.Лхагва, “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Лужин буюу Ш.Доржсүрэн нар “Гэгээн муза” цом өргөх болов уу хэмээх бодол аллагын шүүх хурлын үеэр төрж байсан юм.

Б.Будхүү

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version