Ш. Гүрбазарын зохиол ” Шар гэгээ” драмын жүжгээр Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид Гэгээн Муза 16 олон улсын театрын наадамд нэр дэвшин өрсөлдөж байна. Үндэсний хэв маяг нэвт шингээсэн тус жүжигт монголчуудын зан заншил, соёлын өв, уламжлал, эх хэлний баялгийг хэллэгээр дамжуулан үзэгчдэд хүн байх, хүний мөн чанар юун дээр оршин байгааг харуулсан гэлтэй.
Хүний амьдралыг утга учиртай болгодог олон зүйлс байдаг. Гэхдээ таныг энэ орчлонд амьдарч байсны баталгаа бол үр удмаа үлдээж, өөрийн удам судраа үргэлжлүүлэх юм. Харамсалтай нь хүн бүрт хүсэл нь биелэх боломж олдоггүй. Маш ихээр хүссэн ч гэлээ хясал дүүрэн байдаг нь орчлон хорвоогийн жамыг сануулах мэт.
Жүжигт “Олон жил үр заяагаагүй Дарим, Хажид хоёрт “Хүү хүүхэд халтай” хэмээн лам багшийн айлдсанаар Дашжил, Хоролгарав нар хүүгээ өргүүлжээ. Гэвч хүсэл хяслын хорвоод өргөсөн үр нь эндэж, сэтгэлийн гүнээс энэлэн шаналана. Бурхан минь, ар энгэр хоёрыг чинь аргадлаа гээд алган дээр минь үүр заяадаггүй юм гэхэд өлзий бус үг зүүдэндээ ч хэлэлгүй цээрлэж өрөөлийн үрийг өөрийн чинээ хайрласныг минь болгооход яагаа вэ? Ангир уургаа амлуулах эх болохын тавилан дутдаг юм аа гэхэд амьтны нялх үрийг эхчилэн хайрлаж, элгээ дэвтээхийн заяагүй юунд хээр хаяулав даа” хэмээн Хажид уйлж харамсана.
Өргөсөн хүүгээ хөдөөлүүлсэнээс төд удалгүй Хажид хөл хүнд болно. Тэр үеэр хүүгээ хүнд өргүүлэхийг айлдсан лам багш нь “Хүү тань удахгүй биеэрээ хүйс ё төөрөхгүй эргэж ирнэ. Тэр жинхэнэ та хоёрын заяаны үр” гэвэй. Үнэхээр хэсэг хугацааны дараа Хажид, Дарам хоёр үртэй болсон гэх мэдээ дуулдаж, Дашжил, Хоролгарав хоёр тэднийд очино. Хүсэн хүлээсэн үр нь заяасан ч өрөөлийн үрийг хүн болгож чадаагүй гэж сэтгэлийн гүндээ шаналан байдаг хоёр Дашжил, Хоролгарав хоёр хүүг нь авна гэвэл өгөөд явуулна, гэхдээ насан туршид нь хаяанд нь амьдарч хүүгээ хажуугаас нь хараад амьдарч болно хэмээн хэлцсэн байлаа. Харин Дашжил “Эхийн халуун уураг сүүнээс нь хүүгээ холдуулж чадахгүй ээ. Та хоёр маань хүүгээ сайн хүн болгоорой” хэмээн эмээл, хурдан даага бэлэглэх нь энэ жүжгийн оргил байсан юм”.
Монгол хүний чин сэтгэлийн нандин хэлхээг хүйгээр холбогдсон хоёр айлын тавилангаар тод томруун харуулж чадсан “Шар гэгээ” жүжиг Гэгээн Муза 16 олон улсын театрын наадамд дараах төрлүүдэд нэр дэвшин өрсөлдөж байна.
Драмын жүжгийн төрөлд: “Шар гэгээ”
Шилдэг жүжгийн зохиолч: Ш.Гүрбазар
Шилдэг найруулагч: Ц.Батнайрамдал
Шилдэг тайзны зураач: С.Бат-Эрдэнэ
Шилдэг эрэгтэй гол дүр: Б.Сүхбаатар – “Шар гэгээ” жүжгийн Дашжилийн дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр: Р.Янжиндулам – “Шар гэгээ” жүжгийн Хоролгаравын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр: Б.Энххэрлэн – “Шар гэгээ” жүжгийн Цэвэг эмгэний дүрээр тус тус өрсөлдөж байна.
П.Нарандэлгэр