ОнцлохОрон нутаг

Долоон бурхан од тахих ёслол боллоо

Зуны тэргүүн сарын шинийн 9-ний билигт сайн өдөр Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх задгай талбайд Долоон бурхан од тахих ёслол боллоо. Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хоёр жилд нэг удаа долоон бурхан од болон “Эрдэнэт мандал” овоогоо тахидаг уламжлалтай. 

Том дэлгэцэд Жонон, Алтай, Хөсөгтөн, The hu, Уухай хамтлагийн “Ариун дагшин”, “Монгол онгод”,”Чингисийн аялгуу”, “Морьтон Монгол”,  “Өвгөдийн захиас”, Онгодын дуулал, Жаран цагаан адуу, Уухай зэрэг дуунууд нүргэлэн эгшиглэж байв. Ая эгшиг аядуу намуухан болоход тэнгэрийн долоон бурхан одоо тайх зан үйл эхэлсэн юм. Долоон бурхан оддыг тахих зан үйлийг нээж, хүрэлцэн ирсэн зочид, сүсэгтэн олонд хандан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц. Бат-Энх үг хэлэв.

Тэрбээр “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн долоон бурхан оддыг шүтэн дээдэлж, тэнгэр лусаа баясган буян хишиг, ажил үйлс, зам мөрөө даатгаж цай сүү, идээ будааныхаа дээжийг өргөж ирсэн түүхэн уламжлалтай.  Бидний үйлс бүтээл өөдрөг, улс орон маань өнгөлөг, уурхайчин хамт олон маань эв нэгдэлтэй байгаа нь од эрхэсийн учрал тохиол, тэнгэр тэтгэсний үр шим биз ээ. Хүмүүн бид шим ертөнцийн бүтээл бөгөөд эцэг тэнгэр, эх газрын үр сад.

Аливаа үйлийн хишиг буян нээгдсэн зуны тэргүүн, илүү сарын лусын буулттай, Дашнямтай билэгт сайн энэ өдөр Та бид эртний уламжлалаа дээдлэн долоон бурхан одондоо эрүүл мэнд, ажил үйлс, хойчийн сайн сайхныг даатган залбирч тайж байна. Энд хуран цугласан сүсэгтэн олны  ажил, амьдрал өөдөө байж, амжилт бүтээлийн гал бадамлаж, төр түвшин, түмэн олон амгалан, хүн бүр, гэр бүл бүхэн дэвжин дээшлэхийн өлзий ерөөл бүрдэх болтугай!” хэмээв.

Дараа нь лам хуврагууд Итгэл, Ганданлхавжаа, Жанлавцогзол зэрэг ном айлдан даллага авав. Түүнчлэн долоон бурхан одны тахилын судар уншиж, сүсэгтэн олон идээ будааныхаа дээжийг тэнгэр хангайдаа өргөснөөр энэхүү шашин соёлын зан үйл өндөрлөлөө.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version