Нүдтэй наран тамга
“Гэгээн муза-14”, “Гэгээн муза-15” олон улсын театрын их наадмын хошой ГРАН ПРИ шагналт Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжгээр энэ удаад өрсөлдөж байна. Түүхэн сэдэвт, энэхүү бэсрэг жүжигт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж.
Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд театрын урлагийн гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ирээдүй хойч үе болсон өсвөр залуу үеийг соён гэгээрүүлэх, эх түүх, өв соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой тус жүжиг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглогдсон юм. Зохиолч Б.Цэрэннадмидын “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар, тайзны зураачаар Н.Энхбаяр, хувцасны зураачаар С.Чулуунзаяа, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар А.Санчирдорж нар ажиллажээ.
Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн муза-16” олон улсын театрын наадмын 2 шатанд “Нүдтэй наран тамга” хөгжимт драмын жүжиг 7 номинацид нэр дэвшин өрсөлдөж байна.
“Нүдтэй наран тамга” жүжгийн уран бүтээлчид
Хөгжимт жүжгийн төрөлд
Шилдэг жүжгийн зохиолч: Б.Цэрэннадмид
Шилдэг найруулагч: Б.Мөнх-Амьдрал
Шилдэг тайзны зураач: Н.Энхбаяр, С.Чулуунзаяа
Шилдэг хөгжмийн зохиолч: Ө.Ариунбаатар
Шилдэг эрэгтэй гол дүр: Э.Батболд – Цэгц ханхүүгийн дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр: Г.Энхболор – Хунгоогийн дүрээр тус тус өрсөлдөж байна.
П.Нарандэлгэр