УИХОнцлох

Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2022.06.07) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэхдээ, манай хоёр улс газар зүйн хувьд алслагдмал ч олон зуун жилийн түүх, соёлын хэлхээ холбоотой. Энэ ч утгаараа Монгол Улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа Бүгд Найрамдах Турк Улсыг өөрийн “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг.

Хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард Анкара хотноо болсон Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаанаар цар тахлын улмаас саарсан хоёр талын харилцааг бүхий л чиглэлээр эрчимжүүлэхээр тохиролцсонд баяртай байна гэв.

Мөн Монгол, Туркийн худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд өсч буйг тэмдэглээд манай улсын иргэд Турк Улсад аялах, Туркийн бараа бүтээгдэхүүнийг импортолж, худалдаалах нь эрс нэмэгдсэн. Истанбул-Улаанбаатарын чиглэлд манай хоёр орны үндэсний агаарын тээвэрлэгч компаниуд шууд нислэг үйлдэж буй нь хоёр талын худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлов.

Элчин сайд Зафер Атеш Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс түүхийн гүн хэлхээ холбоо, нийтлэг өв соёл, уламжлалтай болохыг уулзалтын эхэнд онцлов.

Тэрбээр, хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд КОВИД-19 цар тахал харьцангүй намжиж, хоёр талын харилцан айлчлал сэргэх боломж нээгдсэнд баяртай байна. Хоёр талын худалдаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

Үүнийг бодит үр дүнд хүргэхэд Турк, Монголын тээврийн салбарын хамтын ажиллагаанд агаарын болон автотээврийн харилцааг хөгжүүлэх нь чухал хэмээн тодотгов. Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлийн агаарын тээвэр долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж байгаа бол үүнийг долоо хоногийн долоон өдөр болгох бүрэн боломжтой.

Нислэгийн тоог нэмэгдүүлснээр аялал жуулчлал, үүнийг дагаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсыг “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон. Бидэнд оногдох хариуцлага нэмэгдэж, гурав дахь гарц аа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэв. 

Талууд аялал жуулчлал, боловсрол, соёл, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version