Хүн хүнээ хайрлаж, итгэл сэтгэлээр “Гэрэл асаа”
“Гэгээн муза” олон улсын наадмын хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын шилдэг уран бүтээлийн нэг болох “Гэрэл асаа” шоу драмын жүжиг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа тоглогдлоо. 14+ насны ангилалтай тус жүжиг нь өсвөр үеийнхэний ёс зүй, мөнгөтэй баян байх нь бүхнийг шийдэх арга зам байж чадах уу, үе тэнгийнхэний хүчирхийлэл, бүх төрлийн донтолт, цахим орчинд хандалт авахын төлөө яахаас ч буцахгүй үйлдэл хийж бусдын амь амьдралыг хохироох шалтгаан болж байгаа зэрэг өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг харуулсан юм.
Хувийн сургуулийн ахлах ангийн сурагч Туул баян чинээлэг аав ээжийнхээ элбэг хангалуун амьдралын хэрэглээнээс илүүчилсэн архийг сургууль дээрээ авчирч урлагийн үзлэгт бэлдэхээр цугласан ангийнхантайгаа ууж согтууран, мөнгөнд дуртай Жагаа хөвгүүнийг даруухан Нандиа охиныг өвөртөө оруулахыг ятгана.
Их мөнгө харсан Жагаа хүслийг нь гүйцээж, харин Туул гар утсаараа бичлэг хийж авах ба энэ үеэр ангийн багш орж ирсэнээр хүүхдүүд замбараагүй үйлдлээ зогсооно. Ангийн багш гар утсыг нь хурааж авалгүй гарсан ч бичлэг хийснийг мэдсэн Нандиа ангиас гүйн гарна. Харин Туул бичлэгээ цахим орчинд тарааж, тэр нь маш олон сөрөг сэтгэгдэлээр хачирлагдан олон нийтэд тарж байв.
Тэр явдлаас хойш хэсэг хугацааны дараа бүгд ээлж дараалан гадаадад аялах эрхийн бичиг хожсон гэх мэдээг цахимаар авч баяр хөөр дүүрэн байсан ч тэд цөм нэгэн битүү тасалгаанд хоригдсон байдалтай сэрцгээнэ. Тэр өрөөнд хоёр багшийн хамт хоригдсон хүүхдүүд эхэндээ ямар учиртай өрөөнд орсоноо ойлгох гэж хэсэг хугацааг зарцуулна. Удалгүй бие биенээ буруутгаж, хэнд ямар хор хохирол учруулсанаа ярьж, бүгд буруутныг хайна. Энэ үеэр тэднийг хорьсон хүн нь Нандиатай холбоотой болохыг ойлгож, уучлал гуйн гаргахыг хүсэж, бүгд ямар буруу хэрэг хийсэн гэдгээ ярина.
Хоёр сарын өмнө Туулын хийсэн бичлэг цахимаар тарсаны дараа Нандиа охин ангийн багшийнхаа гэрт сургуулиас хөөхгүй байхыг хүсэхээр очихыг харсан багш эмэгтэй охины талаар сөрөг мэдээлэл бүхий бичлэгийг цахимаар тараасан байж. Нандиа охиныг нийтээрээ буруутгаж, элдвээр хэлж доромжилж байсан яг тэр үед багш эмэгтэй хийсэн бичлэг нэмэр хачир болсон тул охин асуудлаа шийдэж чадалгүй амиа хорлосон ажээ. Харин охиноо алдсан аав нь тус сургуулийн хамгаалагч байсан ба охиныхоо үхэлд буруутай хүмүүсийг ийнхүү нэг дор цуглуулж гэм буруутай үйлдлийг нь хэлж яриулан уучлал гуйлгаж, түүнийгээ бичлэгээр олон нийтэд шууд дамжуулан охиныхоо нэрийг цэвэрлэж буйг үг жүжигт өгүүлсэн.
Жүжгийн төгсгөлд хав харанхуй танхимд “Гэрэл асаа”-хыг хүсэхэд үзэгчид гар утасныхаа гэрлийг асаав. Жүжигчид “Өнөөдөр бид хэний ч талаар мэдэхгүй байж дураараа шүүж, амьдралыг нь дүгнэж болохгүй. Цахим орчинд гэрэл асааж, соёлтой боловсон, хүнлэг байдлаар асуудлыг олон талаас нь хардаг байхыг уриалж байна” гэсэн нь яах аргагүй өнөөгийн нийгэмд хамгийн чухал “Mессеж” байсан юм.
Амьдралд ч, цахим орчинд ч “Гэрэл асаа”-ж бусдын амьдралыг хүндэтгэж, шүүн хэлэлцэж шуурахгүй байх нь та бидэнд ус агаар шиг хэрэгтэй болсон цаг. Тиймдээ ч тус театрын хамт олон соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, тэдний урлаг, уран сайхны хэрэгцээг хангах, өсвөр үеийн хүүхэд, залуучуудад ёс зүйн боловсрол олгох зорилгоор уг жүжгийг бүтээсэн гэдгийг шоуны төгсөглд онцолж байлаа.
Тус жүжиг нь “Гэгээн Муза 16” наадамд долоон төрлөөр нэр дэвшээд байгаа юм.
П.Нарандэлгэр