УИХFocus

Мэтгэлцээний аваргаар Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарлаа

  Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран сурагчдын дунд “Парламентын боловсрол” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг 2022 оны 5 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээний аваргын төлөө мэтгэлцэх төгсгөлийн шатны шалгаруулалт өчигдөр (2022.05.30) Төрийн ордонд болов.

Төгсгөлийн шатны шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээсэн. Тэрбээр “Энэ удаагийн мэтгэлцээнд нийт 64 багийн 192 сурагч оролцсон. Баг тус бүр гурван оролцогчтой өрсөлдсөн байна” гээд аймаг, орон нутгаас буюу Орхон, Дорноговь, Дархан-Уул зэрэг аймгаас ирж, нийслэлийн үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдсөн болон мэтгэлцээнд оролцсон нийт сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарт баяр хүргээд “Парламентын боловсрол” хөтөлбөр, мэтгэлцээний зорилго залуу үеийнхнийг илүү хэрсүү, оновчтой дүгнэлтэд үндэслэн сонголт хийх, сонгосныхоо дараа зөв шаардлага тавьж, төрийг удирдах үйл хэрэгт хамтран оролцох чадвартай, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэхэд чиглэж буйг хэллээ. Мөн мэтгэлцээнд оролцож мэдлэг чадвараа дээшлүүлсэн төдийгүй өөрсдийн дуу хоолойгоо төр засагт, нийт нийгэмд сонсгож чадсан хүүхдүүдээр бахархаж буйгаа тэмдэглээд энэ үйл ажиллагаанаас сурсан, мэдсэнээ улам гүнзгийрүүлэн судалж, илүү сайхан нийгмийг, илүү хүмүүнлэг дэлхий ертөнцийг бүтээх үйл хэргийн эзэд болохыг хүсэн ерөөв.  Мэтгэлцээнийг зохион байгуулж, хамтран ажиллагсдад мөн талархал илэрхийллээ.

Швейцарын Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш мөн мэтгэлцээнийг нээж үг хэлэв.  Парламентын үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиг үүргийг мэтгэлцэгч хүүхдүүдээс сонсохын зэрэгцээ мэтгэлцээнд оролцсон хүүхдүүдийг Монголын ирээдүйн парламентын гишүүд гэж харж буйгаа тэмдэглэн, “Парламентын боловсрол” хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс хүүхдүүд хамрагдаж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажилладаг зорилгынхоо талаар тэрбээр товч танилцуулсан юм.  

Дараа нь мэтгэлцээнд сурагчдаа бэлтгэсэн багш нарыг төлөөлж Орхон аймгийн 5 дугаар сургуулийн түүх, нийгэм судлалын багш Д.Гантуул, мэтгэлцээнд оролцсон сурагчдыг төлөөлж шилдэг илтгэгчээр шалгарсан ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнэ нар сэтгэгдлээ хуваалцав.

Ингээд мэтгэлцээний төгсгөлийн шатанд тунаж үлдсэн Орхон аймгийн “Мэргэд” баг болон, “Эрдэм I” багийн хооронд тэргүүн байрын төлөөх тоглолт эхэлллээ. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Ардчилсан нийгэмд өрсөлдөөн нь хамтын ажиллагаанаас илүү хөгжлийн түлхэц болдог” сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.  

    Тоглолт дууссаны дараа шүүгчид багуудын тоглолттой холбогдуулан алдаа оноо, амжилтын талаар санал, зөвлөмж, шүүмжээ хуваалцаад аваргаар Энхтайваны Энхжин,  Уранчимэгийн Долгорсүрэн, Батсайханы Минжбадам нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Эрдэм I” баг шалгарсныг зарлалаа.

    Тэмцээний 2 дугаар байранд Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарсан бол 3 дугаар байранд Улаанбаатараас оролцсон“Абсолют Франклин”, Дархан-Уул аймгийн “Титэм” баг тус тус шалгарсан. Тусгай буюу шагналт байранд Орхон аймгийн “Орхон” баг, мөн тус аймгийн Эрдэм II” баг, Улаанбаатараас оролцсон “Атлантис”, “Импакт” багууд шалгарчээ.

    Тэмцээний аварга “Эрдэм I” баг

Тэмцээний 2 дугаар байрын шагналт “Мэргэд” баг

Дээрх шилдэг найман багт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейер-Биш нар шагналыг нь гардууллаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгасан “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд сурагчдын дунд илтгэх ур чадвар, мэтгэлцээний тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд оролцсон хүүхдүүд болон тэднийг бэлтгэсэн багш нар маш идэвхтэй байлаа. Ур чадварын хувьд ч сайн байна. Энэ удаагийн мэтгэлцээнд 64 баг оролцуулахаар зар тавихад тэр өдөртөө 64 баг шууд бүрдсэн. Энэ нь хүүхдүүд ямар ч мэтгэлцээнд бэлтгэлтэй байгааг харуулж буй хэрэг. Хот, хөдөөгийн олон сургуульд мэтгэлцээний клубүүд ажилладаг юм байна. Эдгээр клуб, сургалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газраас дэмжиж ажиллана. Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдээс харахад бидний ирээдүй үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ мэддэг, идэвхтэй иргэд болон төлөвшиж буй юм байна” хэмээн дүгнэж хэлэв.

Мэтгэлцээн өндөрлөсний дараа сурагчид Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдав. Харин багш нарыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хүлээн авч, уулзан саналыг нь сонсож, ярилцлаа. Энэ үеэр багш нараас багш нарын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулах, багш нарт зориулсан сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүсэлт гаргасныг Л.Өлзийсайхан дарга бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэн мэтгэлцээнд хүүхдүүдээ бэлтгэж оролцуулсан багш нарын сургуулиуд руу талархлын бичиг хүргүүлнэ, дараагийн мэтгэлцээнээр шилдэг илтгэгч багш нарыг тодруулна хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version