Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өмнө нь хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн талаарх санал хураалтыг явуулсан билээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, горимын санал гаргасан. Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн саналыг нэгтгэх шаардлагатай тул завсарлага авсан. Бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж хуулийн төслийг дэмжсэн ч төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж, ажиллах шаардлагатай гэж үзсэн хэмээв. Мөн тэрбээр өмнөх хуралдааны үеэр хуулийн төслийн талаарх санал хураалтад техникийн саатал гарсан тул санал хураалтыг хүчингүй болгох горимын саналыг гаргалаа.
Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх санал хураалтыг дахин явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн завсарлагааны хугацаа дууссан тул Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
УИХ-ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, санал хэлсэн тул “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийн санал хураалтыг явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг Д.Өнөрболор гишүүн танилцуулгадаа онцлоод Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Дараа нь тогтоолын төслийн талаарх УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын нэгдсэн төвийг тогтвортой байдлыг хангах зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даган гарч ирсэн дунд хугацааны бодлогын баримт бичиг юм. Төсвийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах механизм ч гэж ойлгож болно. 2021 онд УИХ-аар батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийг хагас жилийн хугацаанд дөрвөн удаа өөрчлөгдсөнийг дурдаад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувиар огцом буурч, 2021 онд дөнгөж 1.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын эдийн засаг сүүлийн хоёр жил агшжээ. Энэ оны эхний улирлын дүн ч нэн тааруу буюу -3.8 хувьтай гарчээ. Инфляци буюу үнийн өсөлт 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж мөргөлдөөн болж буй Шри-Ланкийн дараа орох үзүүлэлт гэдгийг бүлгийн дарга танилцуулгадаа онцлоод ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улс халамжийн элдэв хөтөлбөрүүдээ зогсоож, өрийн асуудалдаа анхаарах, инфляциа цаашид өсгөхгүй байх, стагфляциас гарах төлөвлөгөө гаргах ёстой гэдгийг сануулж байгаа. Мөн эдгээр байгууллагууд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 2022 оны хувьд 1 орчим хувьд байх тооцоолол хийжээ. Дэлхийн банк “Украины дайнаас шалтгаалан түлш, шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж хумигдах тохиолдолд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, 2022 онд ердөө 0.7 хувь болж болзошгүй байна” гэж дүгнэжээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг өмнө нь 4-6 хувь гэж тооцож байсан төсөөлөөл ийнхүү огцом өөрчлөгдсөнийг төсвийн төсөөлөлдөө тусгах шаардлагатай гэж байлаа.
Монголбанкнаас гаргадаг статистик үзүүлэлтээр Монгол Улсын нийт гадаад өр 2021 оны IV улирлын байдлаар 33 тэрбум 805 сая ам.доллар буюу 106.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголд хүүхэд төрмөгцөө 31 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад 5 дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байсан. Дэлхийн банк “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” гэж дүгнэж байв. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй Монгол Улсын хөгжлийг олон жилээр хойш татна гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцлоод Монгол Улс ойрын ирээдүйд “өрийн хавх”-аас мултрах нэн хүнд зорилт хүлээж байгаа боловч энэ нь төсвийн хүрээний мэдэгдэлд огт тусгалаа олсонгүй гэж байв.
Татварын орчныг тогтвортойгоор хадгалж орлогыг нэмэгдүүлэх, төсвийг алдагдалгүй төлөвлөх, төсвийн зарлагыг хязгаарлах, Засгийн газрын өрийн хэмжээг хазаарлах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах дунд хугацааны төсвийн стратеги дунд хугацааны бодлогын баримт бичигт харагдсангүй. Дунд хугацаанд баримтлах төсвийн бодлогын стратеги нь улс орны хөгжлийн бодлогын уялдаа холбоосыг харж, тодорхой зорилт бүхий байнгын судалгаа, тооцоотой хийгдэх ёстой. Монгол Улс хөрш зэргэлдээ улс орнуудын эдийн засаг, нийгэмд гарч буй өөрчлөлт шинэчлэл, төлөвлөлт болон бусад хүчин зүйлсийг анхааралтай судалж, дунд хугацааны бодлоготой уялдуулах хэрэгтэйг дахин сануулъя хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулгадаа дурдсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь, Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг Ц.Даваасүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Монгол Улсын гадаад өрийн бодит нөхцөл байдал, гарц шийдлийг тодруулахын зэрэгцээ буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, инфляци, бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар бодлогын арга хэмжээ авах эсэхийг лавлаж байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа, 2021 оны сүүлээр Монгол Улсын гадаад өр 33.2 тэрбум ам.доллар гэж гарснаас Засгийн газрын өр 8.4 тэрбум ам, доллар байна. Өрийн үйлчилгээнд 2022 оны төсөв дээр 905 тэрбум төгрөг сууснаас 365 хоногт хуваахаар 2,5 тэрбум төгрөг гэсэн тооцоолол байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллага ирж үзээд Монголын Улсын зээлжих зэргийг B3 буюу тогтвортой, хэвийн гэж тогтоосон нь Засгийн газрын зүгээс өрийн менежментийг хуулийн дагуу оновчтой хэлбэрээр явуулж байгаа нь харагдаж байна. Үлдэж байгаа өрийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд төлж байгаа гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, төрийн албан хаагчдын цалинг 2023 онд нэмнэ гэж байгаа ч хэрхэн, яаж нэмэхийг ирэх оны төсвийг хэлэлцэх үед нухацтай ярилцана. Харин төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляци 8 хувьтай байгаа. 2022 оны төвсийг хэлэлцэх үед инфляцийг мөн л энэ хувь дээр барина гэж Засгийн газар, Монголбанкныхан мэдэгдэж, бодлогын баримт бичгээ батлуулсан. Одоо инфляци 15, оны эцэст 17 хувьд хүрэх болов уу гэж таамаглаж байна. Иймд бодлогын алдаа хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцож, бид үнийн өсөлт, ханшийн уналтын алдааг нь засаж залруулахад онцгойлон анхаарч ажиллах ёстой хэмээн хариулж байлаа.
Харин Ажлын хэсгийн зүгээс буцалтгүй тусламжийг 2023 онд 560 тэрбум төгрөг гэж төсөөлж байна. Буцалтгүй тусламж дотроо зээлийг дагаж орж ирдэг хэлбэр байдаг. Өөрөө хэлбэл, гадаад зээлийнхээ хөнгөлөлтийн түвшинг бууруулдаг. Засгийн газрын хувьд нийгмийн шинж чанартай асуудалд хөнгөлөлтийн түвшин өндөртэй зээл, эсвэл буцалтгүй тусламж авч ашиглахыг зорьдог гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Үргэлжлүүлэн тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, тогтоолын төслийн “43 дугаар зүйлийн 43.1 дэх” гэснийг “5 дугаар зүйлийн 5.1 дэх” гэж өөрчлөх болон төслийн найруулгатай холбоотой саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
“Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг баталлаа
Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.
Улсын Их Хурлын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр захирамжаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Ажлын хэсэг тогтоолын төсөл болон төслийн хавсралттай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалган шийдвэрлүүлэхээр 14 зарчмын зөрүүтэй санал бэлтгэн ажилласан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдав.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгсөн, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах нь зүйтэй гэж үзсэн тул тус Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан.
Ажлын хэсгээс Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд төр, хувийн хэвшлийн түншлэл болон зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан төсөл, арга хэмжээнд шаардагдах бэлтгэл хангаж ажиллах, цаашид улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулахдаа хөгжлийн бодлогын тэргүүлэх салбар, чиглэлийг тодорхойлж, хөгжлийн төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, түүнчлэн тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх боломжтойгоор төлөвлөгөөний төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан заалт нэмсэн. Мөн төслийн хавсралтад ажлын байрыг нэмэгдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлэх, өрийн менежментийг сайжруулах, уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшин, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг холбогдох зорилгод нэмж түүнчлэн төслийн хавсралтад тусгагдсан зарим төсөл арга, хэмжээний нэрийг өөрчилж банк, санхүүгийн зах зээлийг өргөжүүлж, оновчтой тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс, чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах асуудлыг тусгах саналуудыг гаргасан.
Мөн Ажлын хэсгээс гаргасан төслийн хавсралтын суурь болон зорилтот түвшний тоон үзүүлэлт, утгыг нэмэх, өөрчлөхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгахаар бэлтгэсэн 14 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар 13 саналыг дэмжсэн гэдгийг С.Чинзориг гишүүн танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, тогтоолын төслийн 4 дэх заалтыг хасаж, төслийн хавсралтын Зорилго.1.5-ыг “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, нийгмийн хамгааллыг зорилтот бүлэгт чиглүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ.” гэж, Зорилго 2.5-ыг “Хөдөө аж ахуйн гол нэрийн 19 бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.” гэж, төслийн хавсралтын Зорилго 2.4-ийг “Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд уул уурхайн түүхий эдийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов.
Ингээд “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар тус тус танилцуулсан.
Төсөл санаачлагч коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөн нөлөөгөөр манай улсад ч хүнсний хангамжийн тогтвортой байдалд эрсдэл үүсч, 2030 он хүртэл зарим гол нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн экспортлох, тодорхой хэмжээний зарим нэр төрлийн импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоог нэмэгдүүлж, хүн амыг дотоодын хүсний бүтээгдэхүүн, түүхий эдээр бүрэн хангах бүрэн боломжтой болно.
Дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор хүнсний хангамж, аюулгүй байдпыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг үе шаттай шийдвэрлэх, даатгалын тогтолцоо, хяналтын зохицуулалт, дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг нэвтрүүлэх, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, газар тариалан, хүнсний ногоо, фермер, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүч, дулааны хангамжаар хангах, хөнгөлөлт, урамшууллын тогтолцоог бий болгох, хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах, хүнсний хангамжийн нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага зохион байгуулалтаар хангах зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзэж тогтоолын төсөл болон тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулсныг танилцуулгад дурдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Д.Өнөрболор, Ц.Туваан, Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ нар төсөл санаачлагчаас тогтоолын төсөл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг төрөөс бодлогоор хэрхэн зохицуулах талаар, шилмэл үүлдэр, омгоор бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийн даацын асуудал, өсгөвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар төлөвлөгөөнд тусгасан эсэх, тоног төхөөрөмж, механикжуулалтыг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, малын эм, тариа, вакцинжуулалтын чанар, аюулгүй байдлын асуудал, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын талаар, мал аж ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд их, дээд сургуульд суралцахад нь төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх, хүнсний хангамжийг сайжруулахад бусад төсөл, хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдах, төслийг хэрэгжүүлэхэд Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, цаг агаарт зориудаар нөлөөлөх байдлын үйл ажиллагаанд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах болон уг асуудалтай холбоотой аймаг, орон нутгийн үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, хэрэгжүүлэх бодлогоо эрэмбэлэх, хүнсний бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээ, лабораторын үйл ажиллагаа, баталгаат стандартыг мөрдөж ажиллах талаар асуулт асууж, хариулт авсан болно.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ тогтоолын төсөл, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй холбогдуулан хүнсний салбарын болон хүний хөгжлийн нийгмийн үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогыг хэрэгжүүлж ажиллах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарах, үйлдвэрлэл технологийн паркийг бүс нутгаар хөгжүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, урамшууллын тогтолцоо, зээлийн дэмжлэгийг ил тод нээлттэй, шударга, хүртээмжтэй байлгахад анхаарах, хүнсний ногоо тариалахад нутгаа зорьё гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин тогтоолын төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллахад шаардагдах санхүү, хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хангалттай тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэдгийг Д.Өнөрболор гишүүн танилцуулгадаа дурдаж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, төслийг дэмжсэн эсэх талаараа байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ нь өргөн цар хүрээтэй асуудал тул тооцоо судалгаагаа сайн хийх, төсвийн санхүүжилтийг бүрэн шийдэх, цаг үеийнх нь байдалтай уялдуулах, хариуцах эзэнг тодорхой болгож, салбарын хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах гэсэн дөрвөн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тогтоолын төсөлд органик болон генийн өөрчлөлтгүй хүнсний асуудал тусгагдаагүй байгааг анхааруулаад цаашид тогтоолын төслийн хүрээнд хүнсний сав, баглаа, боодлыг стандартчилах, хөдөө аж ахуйн хүрээлэн, энэ чиглэлийн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг уялдуулах зэрэг боловсон хүчний асуудлыг энэ хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хүнсний хангамжийн асуудлыг газар өмчлөл, эрх зүйн орчинтой нь уялдуулан шийдвэрлэх, малыг эрүүлжүүлэх, үр бордооны генийн асуудалд салбарын яам онцгойлон анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд дэлхий нийтээрээ хүнсний хямралд орж байгаа энэ үед хүнсний хангамжийн асуудлыг зоригтой шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ уг ажлыг хийхдээ төрийн өмчийн компани байгуулах, эсвэл төрийн байгууллагын нэгжийг нэмэх бус хувийн хэвшлээ дэмжиж, зах зээлийнх нь зарчмаар нь хөгжүүлэхэд холбогдох Байнгын хороонд анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Ингээд Байнгын хорооны саналаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69,6 хувь нь дэмжсэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.