УИХЯрилцлагаОнцлох

Д.Даваасамбуу: Баялгийн өгөөжийг хувь хүний хуримтлалд зарцуулах нь илүү үр дүнтэй

УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023-2025 оны төсөөлөл, өрийн стратегийн байдалд санал дүгнэлтээ өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа. 

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү. Инфляцийн түвшин, төсвийн байдал ямар байгаа талаар болон хүндрэл хэрхэн үүссэн талаар,  өрийн байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг тодруулж өгөхгүй юү?

-Эдийн засгийн сэргэлт, өсөлт манай орны хувьд ч дэлхий дахинд ч хүлээгдэж байсан хэмжээнд хүрэхгүй нь. Олон улсын валютын сангийн саяхны тооцоогоор манай эдийн засгийн бодит өсөлт 2022 оны хувьд 1-2 хувьд эргэлдэх аж. Өмнө нь 4-6 хувийн өсөлтийг төсөөлж байсан юм.

Монгол Улс “Ковид-19” цар тахалтай хоёр жил гаруйн хугацаанд вакцинжуулалтаас эхлээд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласны үр дүнд эдийн засгаа гадаад дотоотод нээж чадсан нь томоохон үр дүн. Цар тахлын хязгаарлалттай үед иргэдийнхээ амьдралд илүүтэй анхаарал тавьж төсөвтөө ихээхэн ачаалал авч, бүх нөөцөө шавхан дайчилсан жилүүд байлаа.

Төсвийн хүрээнд эсвэл төсөвт яваандаа нөлөө үзүүлэх төсвийн гадуурх сувгууд болох уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн өнөөгийн болон ирээдүйн орлогыг барьцаалж, зээл сунгах, хүчингүй болгох, орлого тараах, цахилгаан дулааны үнийг төлүүлэх, Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулан төсвийн шинжтэй зээл санхүүжилт олгуулах зэрэг арга хэмжээнүүд энэ жилүүдэд дээд цэгтээ хүрсэн.

Жишээ нь, Монгол Улсын 2020, 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого нь урсгал зардлыг санхүүжүүлэхээс хэтрэхгүй, хөгжил, хөрөнгө оруулалтад зарцуулах төсвийн өөрийн эх үүсвэргүй болж, гадны зээл, төсвийн тогтворжуулалтын болон ирээдүйн өв сан, төсөвт хуримтлагдсан нөөцөө бүрэн ашигласан.

Төсвийн урсгал зардлын мөн чанарыг айл гэрээр төсөөлбөл тухайн өрх бүх орлогоо хоол хүнс, цахилгаан дулаан, хувцас, гэр ахуйн хэрэглэл зэрэг өдөр тутмын хэрэглээнд ашиглаад дуусч нэг оёдлын машин ч авч чадахгүй байгаатай адил ойлголт билээ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн алтан дүрэм бол төсвийн урсгал тэнцлийг ямагт ашигтай байлгаж, ашгаар нь эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хөрөнгө оруулдагт оршдог. Иймээс Засгийн газраас санаачилсан төсвийн хэмнэлтийн бодлогыг талархан хүлээн авч дэмжиж, цаашдаа төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлээр дамжуулан байнгын механизм болгох санал дэвшүүлж байна.

Өөрөөр хэлбэл, төсвийн суурь зардлуудад урт хугацаанд мөрдөх лимит болгон тогтоож, түүнээс хэмнэлт гаргах, ончтой зүйлд шилжүүлэн зарцуулах эрх олгох зэргээр төсөв захирагчдын төсөв хэмнэх сонирхол, хариуцлагыг өндөрсгөх хөшүүрэг болгох санааг хэлж байгаа. Олон оронд ийм туршлага дэлгэрч буй юм билээ.

-Өгөөжтэй санаа байна. Гэхдээ дотоодын эдийн засгийн хувьд тулгарч байгаа бэрхшээлүүд юу байна вэ?

-Эдийн засгийн хандлагаа дагаад 2022 оны төсөв, санхүүгийн тодорхойгүй орчин үргэлжилж, шинэ сорилтууд тулгарч байна. Ялангуяа гадаад орчноос нэн хамааралтай сорилт хүнд байгаа. Тодруулж хэлбэл, БНХАУ-ын төр засгаас “Ковид-19” цар тахалтай холбогдуулан авч буй хатуу хориг арга хэмжээ, ОХУ-ын Украины эсрэг явуулсан цэрэг дайны ажиллагаатай холбогдсон нөхцөл байдал, санхүү эдийн засгийн төрөл бүрийн хориг, дэлхий дахиныг хамарсан инфляц, үнийн өсөлт зэрэг нь манайд сөрөг нөлөөгөө үзүүлж байна.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын 6-8 хувьтай инфляцын өсөлтийг богино хугацаанд тогтоон барьж, хоёр хувь, түүнээс доош оруулахад чиглэсэн төсөв, сангийн бодлого явуулж эхлээд байна. Энэ нь эдийн засаг дахь мөнгийг хязгаарлаж, улмаар дэлхийн хөгжил 2022 оны хувьд саарч зогсонги байдалд хүрч болзошгүй.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх ОУВС-гийн судалгаанаас үзэхэд өмнөх төсөөллийг бараг хоёр дахин бууруулсны дотор манай хоёр хөршийн нөхцөл илүүтэй хүндэрч болзошгүй байна. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд бараг хоёр дахин буурч, ОХУ-ийн эдийн засаг 8.5 хувиар агшихаар  байна.

Дэлхийн хэмжээнд зэс, төмрийн үйлдвэрлэл, хэрэглээний 50-аас дээш хувийг эзэлдэг БНХАУ-д эрэлт буурах, өрнөдийн эдийн засгийн өсөлтийн сааралт зэрэг нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, төмрийн хүдэр, төмрийн хүдэр хайлдаг коксжих нүүрс зэргийн үнэ, эрэлт, нийлүүлтэд доголдол гарах эрсдэлтэй байна. Сүүлийн өдрүүдэд зэс, төмрийн үнэ буурах хандлага руу орж байгаа. Эдгээр таваарын бүтээгдэхүүнүүд дэлхий дахины доргилтод нэлээд өртөмтгий байдгийг бид бас мэдэрч байсан шүү дээ.

Жишээ нь, зэсийн үнэ 2008 оны эхний хагас жилд 9000 ам.доллар давж байснаа оны сүүлд гурав дахин буурсан түүх бий. Дээр нь цахилгаан дулаан, газ, бензин шатахуун, үр тарианы гол тоглогч ОХУ-д үйлдвэрлэл буурна гэдэг нь энэ төрлийн таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт 2022 оны турш үргэлжлэх эрсдэлтэй.

Энэ нь юуны өмнө манай төлбөрийн тэнцэл, өр төлбөрт сөрөг нөлөөтэй. ОУВС-гийн ээлжит үнэлгээнээс үзэхэд 2022 онд манай улсын төлбөрийн тэнцэл ихээхэн алдагдалтай, ялангуяа 2022-2023 онуудад өсч, ДНБ-ний 14-18 хувь болох,  импортын бензин шатахууны үнийн өсөлт дангаараа нийт импортыг 25-30 хувиар нэмэгдүүлэхээр  байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон дунд хугацааны төсвийн  хүрээний мэдэгдэлд өгсөн санал дээр тодруулмаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийг 2023 оноос эхлэн алдагдалгүй болгохоор төсвийн төсөл, төсөөлөлд тусгахыг хамгийн түрүүнд онцолсон байсан. Үндэслэл нь юу вэ?

-Манай гол нэрийн экспортын бүтээгдэхүүний үнэ 2023 онд харьцангуй өндөр байх төсөөлөл байгаагийн дээр Оюу толгойн далд уурхай ашиглалтад орно. Ийм боломжийг ашиглан улсынхаа санхүүг алдалгүй болгох ажилд зориглон орох хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнд чиглэсэн эдийн засгийн стратеги, чиглэлийг төсөв-сан, мөнгөний бодлогууд, тэдгээрийн хэрэгсэлтэй холбон явуулаасай гэсэн хүсэлт юм.

Дээр хэлсэнчлэн төсвийн алтан дүрэм, төсөв дээрээ өр төлбөр үүсгэхгүй байх, хуримтлал бий болгох тухай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг чандлан мөрдөж, хувийн хэвшлийг давамгайлан оролцуулах нөхцөл боломжийг илүүтэй авч үзэж, бүтээмжтэй ажлын байр бий болгоход оюун ухаанаа уралдуулцгаана уу гэсэн уриалга юм.

Манай орны, дэлхий дахины номер нэг асуудал болсон инфляцийг импортлон оруулахыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэл, тээвэр ложистикийн сүлжээг орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан бий болгож удирдахад илүү анхаарал тавих хэрэгтэй байна. Гадаад орчноо, үнэ ханш тогтоодог гэрээ хэлэлцээрийг чамбай хийхийг сануулах нь илүүц биз ээ. Үүнд төр ч туслах ёстой, өнөөгийн геополитикийн нөхцөлийг зөв ашиглах, миний ойлголтоор бензин, шатахуун дээр үр дүн гарсан гэсэн ойлголт байна. ОХУ, БНХАУ-тай худалдааны хэлэлцээрийг эрчимжүүлж, татварын хөнгөлөлт олж авах нь чухал байна.

Дэлхийн банк, ОУВС-гаас хамтран 30 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий хүнсний аюулгүй байдлын тухай хөтөлбөр зарлагдлаа. Энэ хөтөлбөртэй манайх бодлогоо зохицуулах боломжийг холбогдох яам, газрууд судлана байх аа.

Бидний зүгээс хүсч ирсэн бас нэг зүйл бол ядахдаа төсвийн зардлаар импортыг дэмжихгүйн тулд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ ажлын байр бий болгоход чиглэсэн худалдан авалтыг тендергүйгээр дэмжих боломжийг судлах саналыг 2022 оны төсвөөс эхлэн тавьж байгаа. Татварын хууль, орон нутгийн засаг захиргааны удирдлагын шинэ хуулиар хүн амын орлогын татвар 100 хувь сум дүүрэгт, аж ахуйн нэгжийн татварын 60 хувь орон нутгийн төсөвт орно.

Энэ зарчим хоёр жилийн өмнө зарлагдсантай зэрэгцээд халамжаас ажлын байранд гэсэн бодлогын шинэчлэл өнгөрсөн оноос эхэлсэн, үр дүнгээ хүлээж байна. Одоо бүх шатны Засаг дарга, нутгийн удирлагаас хуулийн хэрэгжилтийг асууж, 2023 оноос үр дүнд хүрэхийг “шаард” гэсэн захиалга юм. Ажлын байр олон болвол хот хөдөөгүй хүмүүс орлоготой болж, төсөвт эерэг нөлөө үзүүлнэ.

Төсөв жинхэнээрээ тогтворжино. Мөнгөний бодлогын тухайд өндөржүүлсэн хүүгээр инфляцийн өсөлт ялангуяа дайн, хоригтой холбогдсон хүнс, үр тариа, бензин шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахад түвэгтэй гэдгийг зарим судаачид хэлж байна. Төв банкныхаа хүүг АНУ 0.5 хувь нэгжээр энэ ондоо багтаан гурван удаа нэмэх, Европын бүс энэ оны 6-7 дугаар сараас 0.25 хувь нэгжээс эхлэн аажмаар нэмэгдүүлж нэг хувь болгох тухай зорилт тавин ажиллаж байна.

Эдгээр орнуудад инфляци 6-8 хувь, түүнээс эрчим хүч, хүнсний үнийн өсөлтийг хасаж цэвэр­лээд гурав орчим хувийн суурь инфляцитай гэж тооцон түүнийг онилж багасгах тухай мэдээлж байна. БНХАУ бол эдийн засгийн өсөлт саарахаас сэргийлж, мөнгөний бодлогын зарим элементүүдийг сулруулж, эдийн засгаа мөнгөжүүлэх зорилт тавьж байна.

Энэ бүхэн нь юуг харуулж байна вэ гэхээр том эдийн засагтай орнууд инфляциа 2022 онд багтаан бууруулж аваад 2023 оноос эдийн засгийн сэргэлт газар сайгүй явагдах нөхцөл бүрдүүлэхийг хичээж байна. Энэ ч бас бидэнд хамааралтай, тэднээс санаа авч, инфляцийн түвшинг түргэн хугацаанд доошлуулах нь чухал юм.

-Мэдээж ирэх гурван жил бол Монгол Улсын хувьд маш хариуцлагатай цаг хугацаа. Оюу толгойн орд бүрэн ашиглалтад орсны дараах эдийн засгийг бид хэрхэн тооцоолж, төлөвлөх ёстой вэ?   

-Зэсийн нөөц, үйлдвэрлэлийн цар хүрээгээрээ дэлхийн хэмжээний Оюу толгойн ордыг 2023 оноос эхлэн бүрэн хэмжээгээрээ ашиглаж эхэлнэ. Өмнийн говийн төмөр замын бүтээн байгуулалтууд дуусч, нүүрс зэрэг баялгийн экспорт нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Тэнд цахилгаан станцаа сүндэрлүүлэх ёстой. Энэ бүхэн бол Монгол Улсад сүүлийн 50 жилд олдож буй, цаашид гарах эсэх нь тодорхойгүй хувь заяа. Үүн дээр алдаа гаргаж огт болохгүй. Нийгмийн хүлээлтийг зөв удирдах учиртай, ололт амжилт, алдаанаас дүгнэлт хийж, гадны туршлагын цаад утгыг ухаж ойлгох үндсэн дээр ончтой шийдвэр гаргах нь чухал.

-Ирээдүйд хоёр төрлийн хуримтлал үүсгэх, энэ чиглэлээр төсвийн  хүрээний мэдэгдлийг сайжруулах ёстой гэж үзсэн байна лээ. Ямар байдлаар хэрхэн хуримтлал үүсгэх ёстой вэ. Олон улсад энэ төрлийн жишиг юу байна?

Хүүхдийн мөнгийг ирээдүйд нь зориулж хуримтлал болгох тухай Засгийн газар, Сангийн яамны санал ихэнх эцэг эхчүүдийн санаа бодолд нийцнэ гэж ойлгож байна. Хоёр гурван жилийн өмнө зарим сумдаар орж, банкны салбарынхаас асууж тодруулахад хүүхдийн мөнгөнийхөө 40-50 хувийг эцэг эхчүүд хадгаламж болгодог гэж байсан. Дээрээс нь жаахан шахалт болгон хуулийн шаардлага, үндэслэл бий болговол иргэд дагана гэсэн бодол байна. Мөн Монголын хөгжлийн ирээдүй гэгээлэг болно.

Монгол Улс жилдээ нэг их наяд төгрөгийн хүүхдийн хадгаламж бий болгож, чадвал энэ мөнгө хадгаламжийнхаа хүүгийн хамт хөдөлмөрийн насанд хүрэх 16 жилийн турш нийтдээ улсын хэмжээнд 50 их наяд төгрөг болно. Үүнийг өнөөгийн ДНБ 40 орчим их наяд төгрөгтэй харьцуулан бодоход асар их мөнгө, банк, санхүүгийн салбарт цугларч, зээл, хөрөнгө оруулалтын урт хугацааны томоохон эх үүсвэр бүрдэнэ.

Хувийн тэтгэврийн хадгаламжийн тогтолцоотой ихэнх орнуудад тэтгэврийн хадгаламжийн үлдэгдэл ДНБ-ээс голчлон давсан мэдээ байна. Жишээ нь, тэтгэврийн даатгалын актив ДНБ-ийх нь АНУ-д 157 хувь, Их Британид 135 хүрснийг “Файнэншил Таймс” сонин онцолж, Хятадын иргэдийн тэтгэврийн хадгаламжийн үлдэгдэл 2020 оны байдлаар 285 тэрбум ам.доллар байгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлсэн. Энэ бол хөгжлийн асар их нөөц, хөдөлгөгч хүч, хөрөнгө оруулалтын сангуудын эх үүсвэр болдог юм байна.

Монгол түмэн төдийгүй олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хүлээлтэд орсон бас нэг асуудал бол өндөр насны тэтгэврийн шинэчлэл юм. Дэлхий дахинд насжилт нэмэгдэж төр дангаараа өндөр насны тэтгэврийн санхүүжилтийг хариуцах нь эрсдэлтэй болсон. Иймээс хувь хүмүүс ажил олгогчтой энэхүүэрсдэл зардлыг төр хуваалцах, нас өндөр болсон үедээ хэвийн сайхан амьдрахад хэрэг болох хувийн тэтгэврийн нэмэгдэл хадгаламжтай болгох зам руу бараг орнууд ороод байна.

Манай орны хувьд өнөөгийн тэтгэврийн тогтолцоог богино хугацаанд бүрмөсөн өөрчлөх боломж хязгаарлагдмал байна. Гэхдээ даатгалд хамралтыг яаж өсгөх, ямар хөшүүрэг байх, тэтгэвэртээ гарахдаа хувийн нэмэгдэл тэтгэврийн хадгаламжид хэдэн төгрөгтэй болгох түүнийгээ 50 нас хүрэхээр зарим зүйл эмчилгээ, орон байрны зээлийн төлбөр зэрэгт ашигладаг болох явдал юм. Энэ үүднээс тэтгэврийн хувийн хадгаламжийг 2023 оноос бий болгох санал тавьж байгаа. Чингэхдээ хувийн өндөр насны хадгаламжид насанд хүрсэн цагаасаа тэтгэвэртээ гартлаа хамрагдаж, харин 50 нас хүрэхээр тодорхой зүйлд дээр хэлсэнчлэн зарцуулах эрхийг нь нээх, хувь хүмүүс, ажил олгогчдод дарамт бага учруулах арга замыг тодорхойлж болно гэж үзэж байгаа.

Гол зарчим нь таныг өөрийн тэтгэврийн хадгаламжид мөнгө хийвэл улс түүнийг нэмэгдүүлж урамшуулдаг байх явдал юм гэсэн хувилбараар судалгаа хийж байна. Тал бүрийн оролцоог хангах замаар жилдээ улсын хэмжээнд 300-500 тэрбум төгрөгийн албан журмын хувийн тэтгэврийн хадгаламжийг бүрдүүлэх зорилт тавьж түүндээ хүрч чадвал тэтгэврийн шинэчлэл аяндаа явагдаж, нийгмийн баталгаа, хөрөнгө оруулалтын сангууд үүсэх болно.

Тэтгэврийн хадгаламж хүүнийхээ хамт 7-10 жил тутам хоёр дахин өсөөд явна. Ер нь АНУ, Англи, Хятад, Австрали зэрэг тэтгэврийн шимтгэл нь 100 хувь өөрсдийнх хадгаламжийн дансанд ордог тогтолцоонд хүрэх сэтгэл зүй, санхүүгийн бэлтгэл манайд хангагдаагүй байж болох ч бага ч гэсэн хэмжээгээр тэтгэврийн хадгаламжийг эхлүүлэх нь зүйтэй болов уу. 

Хувийн хадгаламжийн баталгааны хуулиар нэг хүний 20 сая төгрөгийн эрсдэлийг улс хариуцдаг, энэ хэмжээний дотор иргэдэд хохирол гарахгүй болно. Хүүхдийн мөнгийг хадгаламж болгох, өндөр насны тэтгэврийн албан журмын нэмэгдэл хадгаламж бий болгох саналын гол цаад агуулга нь жирийн иргэд, амьдралаа чадан ядан залгуулж буй нийгмийн хэсгийг юуны түрүүнд хадгаламжтай болгож, амьдралын баталгааг нь нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ бүхэн эцсийн дүндээ Үндсэн хуулинд 2019 онд орсон өөрчлөлтөөр байгалийн баялгийн өгөөжийг одоо ба хойч үедээ тэгш хүртээнэ гэсэн зарчмын заалтыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн мөнгөний хуримталал, өндөр насны хуримтлал бий болгож, хойч үедээ зориулсан хуримтлал үлдээх нь асуудал гэж үзэж байна.

Энэ хуримтлал банкуудад хадгалагдаж, хөрөнгө оруулалтын хийгээд хөгжлийн сан болох юм. Ийм хуримтлалыг хувь хүмүүсийн нэр дээр, тэдний дансанд хадгалуулж, тодорхой хугацаанд үржүүлдэг дээрх арга хэрэгсэл манайд зохимжтой, найдвартай хөдөлшгүй зүйл болно гэж үзэж байгаа. Хувь хүний мөнгийг төр дайчилж авах нь Үндсэн хуулиар хориотой. 

-Норвегийн, Чилийн эсвэл Ботсван зэрэг орнууд уул уурхайн орлогоосоо тэтгэвэр, хөрөнгө оруулалтын сан байгуулж амжилтад хүрсэн гэдэг. Манайд ч ирээдүйн өв сан байна. Та бүгдийн санал үүнээс юугаараа ялгаатай юм бэ?

-Таны дурдсан орнуудын жишгийг баримжаалан манай улс гэнэтийн ашгийн буюу зэс зэрэг бүтээгдэхүүний үнэ тодорхой босгоос өндөр гарвал түүнийг их ашиг гэж үзэн 68 хувийн татвар ногдуулан хөгжлийн сан байгуулах шийдвэрийг гаргаж, 2006-2007 оны үед хэрэгжүүлж байсан ч манай орны хувьд боломжгүй гэж үзээд тухай шийдвэрийг цуцалж байсан билээ.

Норвеги улс газрын тосны нөөцтэй, үүнийг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдэд 75 хувийн татвар ногдуулж, 50 хувийг тэтгэврийн сандаа хуримтлуулж, асар их нөөц үүсгэж, түүгээрээ олон улсын санхүү, хөрөнгийн зах зээлд оролцож байна. Өндөр хөгжилтэй Норвеги улс дэд бүтэц, амьдралын чанар, эдийн засаг, байгаль цаг уурын орчнооороо дэлхийд эхний байранд ордог орны хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид 25 хувийн ашгийн маажин дээр ажиллах сонирхолтой байдаг биз ээ.

Чили зэс ихтэй, үйлдвэр­лэлийн дэд бүтэц сайтай, хөрөнгө оруулалт татах таатай орчинтой гэж үзэж, ашигт ажиллагааны түвшин 15 хувиас дээш гарвал тодорхой хэмжээний нэмэгдэл ашгийн татвар авч, тогтворжуулалтын сан бүрдүүлж байсан. Ботсваны хувьд асар их үнэ хүрдэг очир алмааз ихтэй, түүний олборлолтын ашгаас 50 шахам хувиар татвар авч, түүний зарим хэсгийг хуримтлуулдаг байсан.  Бидний хуримтлал үүсгэх санал бол хувь хүмүүсийн сонирхол эрх ашигт нийцсэн, тэдний болон банкуудын хариуцлага чадавхид түшиглэсэн байгаа. Үүгээрээ ялгаатай.

Байгалийн баялгийн үнэ нэмэгдэж, ашиглалт нь идэвхжсэн 2005-2006 оноос эхлээд өнөөг хүртэл төрийн мэдэлд уул уурхайн орлогоос эдийн засгийн хөгжлийн сан, хүний хөгжлийн сан, төсвийн тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сан зэрэг сайхан нэр хаягтай олон сангуудыг төрийн мэдэлд байгуулсан ч өдгөө бүгдийг нь “аргагүй” шалтгааны улмаас ашиглаад бараг дууссан мэдээтэй байна. Иймээс хувь хүмүүсийн мэдэлд байлгах нь илүү найдвартай, хөгжлийн манлайд хүрэх гэрэлт замыг нээнэ гэж үзэж байна.

Чингэхдээ манай орны хувьд хүүхдийн дансанд хуримтлал үүсгэж, насанд хүртэл нь хадгалж үржүүлэх, хөдөлмөрийн насанд  хүрсэн бүх иргэдээ ирээдүйн тэтгэврийн  даатгалд албан журмаар давхар хамааруулж, урт удаан хугацааны хадгаламж хуримтлалтай болох санал дэвшүүлж байгаа юм. Ийм хоёр төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болох хэрэгтэй байна. Үүнийг Оюу толгойн зэс, Таван толгойн нүүрсний ордын идэвхтэй ашиглалт эхлэх 2024 оноос эхлэх нь зөв гэж үзэж дээрх хоёр санал гаргасан хэрэг.

Арилжааны банкуудад урт хугацаанд хадгалагдах эдгээр эх үүсвэрүүдийг ашиглаж, банкууд дотоод, гадаадын хөрөнгө, санхүүгийн зах зээлд оролцдог болно биз ээ. Одоохондоо иргэдийн мөнгийг хадгалж үржүүлж буй гол бүтэц манай орны хувьд банкууд байна. Харин тэднийхээ чадавх, боломжийг нь улам сайжруулж, тэдэнд түшиж ажиллахаас өөр арга замгүй. Аажимдаа хөрөнгө оруулалтын сангууд, тэдгээрийг удирдах компаниуд, хувьцааны зах зээл хөгжихийг үгүйсгэхгүй. Гагцхүү эдгээрийн гол нөхцөл нь удаан хугацааны тэтгэврийн хадгаламж, төрөл бүрийн хувийн сангууд болно.

-Зөвлөлөөс Засгийн газрын өрийн удирдлагын стратегид тусгайлан санал өгсөн байсан. Томоохон бондуудын эргэн төлөлт тун удахгүй эхэлнэ. Өрийн дарамт ямар нөхцөл байдалтай байна вэ. Төлөх боломж, бололцоо манайд хэр байх юм?

-Олон улсад зээлийн хүү нэмэгдэх эрсдэл байна. Дэлхий дахины сөргөлдөөн, санхүүгийн хоригууд, тээвэр ложистк, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, үнэ ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр олон улсын санхүүгийн зах зээлд зээллэгийн үнэ өндөр байх төлөвтэй. Нөгөө талаар ирэх жилүүдэд төлөгдөх Засгийн газрын болон Монгол Улсын Хөгжлийн банкны бондуудын төлбөрийг бүхэлд нь өөрийн нөөцөөс албан ёсны зээл, тусламжийн хүрээнд барагдуулах боломж нэн ховор бөгөөд зөвхөн Олон улсын санхүү, үнэт цаас, бондын зах зээлтэй харилцаж шийдвэрлүүлэх учиртай гэж ойлгож байгаа. Иймээс Засгийн газрын хийгээд төрийн мэдлийн Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвийн хэмжээнд байлгах тухай Сангийн яамны хүчин чармайлтыг УИХ-аас дэмжиж тодорхой арга хэмжээ авч байх шиг байна.

Дөнгөж нэг хоёр хоногийн өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой гэсэн дүгнэлтийг зарим үнэлгээний байгууллага гарсан нааштай мэдээ олон улсад цацагдсан. Гэхдээ Монгол Улсыг өр ихтэй орны хувьд баялгаа зөв ашиглаж, өрийн дарамтаа багасгах найдварыг олон улсын хэмжээнд  тавьж байна. Өр зээл нэмэгдсэнээс болж, экспортын орлогын бараг 50 орчим хувийг өрийн үйлчилгээнд зарцуулах болж байгаагийн дотор зөвхөн Засгийн газрын зээлийн хүүний төлбөр дангаараа нэг их наяд төгрөг орчим болж, боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нийгмийн үйлчилгээг хязгаарлах болж байна.

Төсвийн хүрээний мэдэгдлийн заалтуудыг мөрдөх хугацаанд төлөгдөх хуваарьтай бондын 20-оос доошгүй хувийг төлж, үлдэх хэсгийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах санал тавьж байна. Мөн бонд зэрэг арилжааны зээл дахин авахыг дээрх дахин санхүүжилтээр хязгаарлаж, албан ёсны хөнгөлөлттэй зээл, тусламж авахыг хичээх зөвлөмж өгч байгаа. 

-Засгийн газрын өрийн үлдэгдлийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог эрх зүйн үндсийг  өөрчилж, бодит байдалд нийцүүлэх ёстой гэж үзжээ. Ямар арга зам байна вэ?

-Төсвийн тогтвортой байдлын тухай 2010 онд батлагдсан хуульд өрийн үлдэгдлийг өнөөгийн үнэ цэнээр тооцно гэсэн байдаг. Энэ заалт маань амьдралаас хоцорсон, өрийн хэмжээг хиймлээр бууруулж харуулдаг учраас өөрчлөх ёстой гэж үзэж байна. Олон улсын байгууллагууд, гадаад орнуудад улс орнуудын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцохгүй байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

“Өдрийн сонин” 2022.05.23

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version