ЯрилцлагаFocus

Ж.Нямдаваа: Ажлаа хурдан бөгөөд чанартай хийх гэж хичээдэг

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвчин Жамъянжавын Нямдавааг урьж ярилцлаа. 

-Таны төрсөн нутаг, бага насны дурсамжаас яриагаа эхлэх үү?

Би 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань 1975 онд Эрдэнэтийн Холбооны анхны даргаар томилогдсоноор манайх гэр бүлээрээ нүүж ирсэн юм. Тэр цагаас л Эрдэнэтийн хүн болсон доо. Би жаахан урлах авьяастай, төмрийн дархан сонирхдог хүүхэд байлаа. 10 жилийн сургуулиа төгсөөд хэдэн жил үхэр тэрэг, монгол цоож гээд л дархны ажил хийсэн.  

-Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа хэзээнээс холбов?

1996 онд Цутгуурын цехэд ажилчин авах сонгон шалгаруулалтад орж, тэнцэв. Технологийн сургууль дээр курст суралцаад л бэлдлээ. Дууддаггүй ээ. Хүлээгээд л байлаа. Энэ сайхан үйлдвэрийн ажилчин болно гэж итгэсээр л явсан. Тэгтэл гурван жилийн дараа “Та ирж ажилдаа орно уу” гэж билээ.  

-Хэвчний эрдмийг заасан багш тань хэн байсан бэ? Анх ажилд орсон хөгжилтэй, сургамжтай дурсамжаасаа ярина уу?

Тухайн үеийн шилдэг хэвчин Б.Батсайхан миний багш. Дээхэн үед элс шаврын холимгоор хэв хийдэг байлаа. Конвейероор ирсэн хольцоо хүрздэж, хэвний хашилгад хийгээд, доргилттой хийн багажаар чигждэг. Би эхний өдрөөс л их хурдан сайн л ажиллая гээд л хар хөлсөө гоожуулаад л гүйгээд байлаа. Багажаа нэг газар тавьчхаад нөгөөхөө хайгаад л хугацаа алдана. Багш маань надад шороогоо тааруулж ав, хусаж тэгшлээд, чигжихэд амар хялбар байдаг гэх мэтчилэн ажлыг дэс дараалалтай, өөртөө эвтэйхэн, хэт ядрахгүйгээр хийх, багаж хэрэгслээ эмх цэгцтэй байрлуулахаас авхуулаад л бүхнийг зааж сургасан даа. Би ч нэг л яарч адгасан, будилуу нөхөр л байсан шиг байгаа юм (инээв.сурв).    

-Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Хэв хийхэд “бурхан ухаан”-ы хэрэг гарна биз?

-Үндсэндээ технологи нь л илүү болохоос хэв хийх нь гарын ур, мэдрэмж шаардсан яг л дархны ажил л гэсэн үг. Заримдаа ганц нэг ширхгээр хийх хэвний захиалга ирнэ.  Нарийн чимхлүүр энэ ажлын моделийг нь өөрсдөө тааруулж хийдэг юм.    

-Цутгуурын цех Хэвний үйлдвэрлэлийн технологио гурван жилийн өмнө шинэчилсэн. Ингэснээр та бүхний ажлын нөхцөл хэр сайжрав? 

-Хуучин тоног төхөөрөмж 1970-аад онд Орос-д үйлдвэрлэсэн, гар ажиллагаа ихтэй, ажлын байр байнгын чичиргээтэй байсан. Доргилтын хийн багажаар хольцоо чигждэгээс гар маш их салганадаг. Ээлжиндээ бараг л 10 гаруй тонн хольц хүрзэддэг. Биеийн хүчний ажил тун их байлаа. Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх орчин үеийн технологи нэвтрүүлснээс хойш, хөдөлмөр маш их хөнгөвчлөгдсөн. Бүтээгдэхүүний чанар дээшилсэн, гологдол буурсан. Үүнд манайхны сэтгэл хангалуун, баяртай байгаа.      

-Хүн бүрд ажилдаа баримталдаг зарчим байдаг. Таных?

Ажлаа аль болох хурдан бөгөөд чанартай хийх гэж хичээж ирсэн. Гол нь хурдан хийх гээд алдаа гаргахгүй, чанартай болгох гэж удаан хийхгүй байх чухал. Ийм байж л манай ажил амждаг. Нэг зүйлээ нухсаар тэр нь бүтэхээ байчихад дахиад эхнээс нь хийх хэцүү. Хүйтнээр хатууруулах технологид шаардлагатай хоёр шингэнийг Германаас авчирдаг. Мөн кварцын элс гээд л өндөр үнэтэй материал ордог. Нэг хэвэнд маш их материал, цаг хугацаа, хүч хөдөлмөр шингэдэг болохоор алдаа гаргах эрхгүй. Иймд нягт нямбай байх хэрэгтэй.    

-Та 23 жил ажиллахдаа гологдол гаргаж байв уу?

-Залуу байхдаа цөөн боловч алдаа гаргасан. Үүнийгээ давтахгүй байхыг хичээсээр ирсэн. 

-Ажлаасаа уйдаж, залхах үе байв уу?

-Яаж уйдах вэ, их сонирхолтой ажил. Бид уйдах завгүй хөдөлнө шүү дээ. Заримдаа цайндаа ч орох завгүй байдаг. Захиалга ихтэй үед тойрч гүйсээр байгаад л нэг л мэдэхэд ажлын цаг дуусдаг. Зууханд 6-7 тонн төмөр хайлаад бэлэн болчихдог, манай хэвний ажил дуусахгүй бол үргүй зардал урсана шүү дээ. Зогсоох эрх бидэнд үгүй. Гялалзуулаад л дуусгах болдог доо. Ажлынхаа ард гарчхаад л, усандаа орчхоод, ажлаасаа бууж байхад ч сэтгэл өег сайхан байдаг.   

-Цутгамал бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага их байна уу?

-Эрдэнэт үйлдвэрийн том тоног төхөөрөмж, бутлуур тээрмийн хуяг, экскаваторын шанага, шанаганы шүд, бутлуурын конус зэрэг 100 кг-аас 8 тонн хүртэлх жинтэй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гаднын компаниудаас тээрмийн хуяг, шигшүүрийн решетка зэрэг зүйлийн захиалга ихтэй. Хүчин чадлаа нэмбэл Монголдоо, цаашлаад гадаадад ч бүтээгдэхүүн гаргах зорилттой байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх шиг хэвээр цутгадаг үйлдвэр Монголд өөр байхгүй. 

-Эрдэнэт үйлдвэр бол бараг Монгол хүн бүрийн бахархал. Энэ талаар таны сэтгэгдлийг сонсъё?

-Би Эрдэнэт үйлдвэрээрээ маш их бахархдаг. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал болж, ард иргэдийн орлого багасах үед Эрдэнэт үйлдвэр Монголын бүхий л айл гэрийн тог цахилгаан, дулааны зардлыг төлөхөд их бахархсан. Улсын Баатар үйлдвэр болсонд бас их баярласан. Энэ хүнд цагт нэг ч хором зогсолгүй ажиллаж, Монгол орны эдийн засгийн даацтай түшиг тулгуур болохоо батлан харуулсан. Ер нь л бахархаад баршгүй сайхан үйлдвэр дээ. 

-Та хувь хүн талаасаа ямар чанарыг чухалчилдаг вэ?

-Хүн гомдоохгүй, хэрэгтэй зүйлээр нь тусалдаг байхсан л гэж хичээдэг. Амин хувиа хичээх нь их тусгүй зан чанар гэж үздэг дээ. 

-Хамт олныхоо талаар ярина уу? 

-Манайхан их ажилсаг сайхан хамт олон. Бүх зүйл дээр сэтгэл, зүтгэл нэгтэй. Миний үйлдвэрийн аварга болсон нь манай хамт олны нөлөө, гавьяа. Бид багаар ажилладаг. Нэг бригадын 14 хүн нийлж л хэв хийж байгаа юм. Бид бүхний хөдөлмөрийн үр шим  учраас манайхан бүгд л үйлдвэрийн аварга гэсэн үг. Бригадын хамт олны эв нэгдэл, уур амьсгал ажлын эцсийн үр дүнд их нөлөөлдөг. Хамтаараа нийлж бүтдэг ажил болохоор хүн бүрийн хүчин зүтгэл их чухал. 

-Таны амжилтад гэр бүлийнхний тань нөлөө ч их байх. Та гэр бүлээ танилцуулна уу?

-Манайх хоёр охинтой. Эхнэр Ж.Буянхишиг маань “Эрдэнэт ус” –д ажилладаг. Том охин Нийгмийн даатгалын хэлтэст Архивын эрхлэгч, бага охин 10-р анги. Ээлжнээс бууж очоод л унтаж амарна. Сэрэхэд хоол унд бүгд бэлэн. Ар гэрийн бүхий л ажлаа зохицуулдаг эхнэртээ баярлаж явдаг. Миний төлөө сэтгэлээ үргэлж чилээж явдаг хайртай ээждээ, ахан дүүстээ үргэлж талархаж явдаг даа. 

-Сүүлчийн хариултыг асуултгүйгээр танд үлдээе

-Цаашдаа улам хичээж, Эрдэнэт үйлдвэртээ өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллана. Эрдэнэт үйлдвэр, Засвар механикийн заводын бүтээлч хамт олондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.

-Ярилцсанд баярлалаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version