Байгаль орчинFocus

Онцгой байдлын байгууллага 10 сая модыг тарьж, ургуулах зорилт тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхээ мэдэгдсэн.

Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, цөлжилтийн эсрэг зохион байгуулж тус хөдөлгөөнийг монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна.

Энэхүү үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын байгууллага нэгдэж, 2022-2030 онд 10 сая модыг тарьж ургуулах зорилт тавин, нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Тус нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, дэслэгч генералт Ц.Тогоо нар оролцсон юм.

Онцгой байдлын байгууллага нь мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгох зорилтоо ОХУ-ын ШУА-ийн Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ХААИС-ийн Агро-Экологийн сургууль, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлнэ.

   Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хүнсний хэрэгцээг хангахад зориулж агропаркийг байгуулан 950,000 жимс, жимсгэнэ, алба хаагчдын амины хашааг ойжуулах аяны хүрээнд 60 мянган мод, ойг санг нэмэгдүүлж, нөхөн сэргээх зорилгоор 9 сая модыг зориудаар болон хамгаалж ургуулах аргаар тарьж, ургуулахаар төлөвлөсөн юм.

Зориудаар тарьж ургуулах зорилтын хүрээнд Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газар,  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газруудад  Үржүүлгийн нэгж байгуулж, аймгуудын Онцгой байдлын газарт нийлүүлэхээр ажиллаж байна.   

Мөн ой, хээрийн гал түймрийн тоог бууруулах, хортон шавжийн тархалтыг багасгах, байгалийн дагалдах баялагийн ашиглалтыг хязгаарлах зорилгоор  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон орон нутгийн удирдлага /нөхөрлөлүүд/-тэй хамтран хамгаалж ургуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 2022 онд  хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд ийнхүү эхлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version