Гадаад харилцааСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

“Түүхэн холбоотой Унгар-Монгол”

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгарын Элчин сайдын яамтай хамтран  “Унгарын соёлын өдрүүд -2022”  арга хэмжээг хоёр дахь өдрөө төв талбайд зохион байгуулж байна. Унгар, Монгол орны ард түмэн эртнээс нягт холбоотой амьдарч ирсэн нь түүхэн хэлхээ холбооноос үүдэлтэй гэж үздэг. Хоёр орны улс төр, эдийн засгийн найрсаг харилцаанд одоо цэцэглэн хөгжиж байгаа соёлын хамтын ажиллагааны чухал суурь болж байна. Унгарын соёлын өдрүүд өчигдөр Шангри Ла маллд олон хүмүүсийн талархал, баяр хөөр дунд амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдөр Чингисийн талбайд Унгар Улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, худалдааны байгууллагуудыг танилцуулж байна.

Өнөөдрийн үйл ажиллагааг нээж Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай др.Обрушанский Борбала Анна хэлэхдээ “Хоёр улсын дипломат харилцаа энэ жил 72 дахь жилдээ амжилттай явж байгаа ч эртний түүхээр холбоотой улс орнууд юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбар болон бусад олон салбарын хамтын ажиллагаа өргөжиж соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны чиглэлд шинэчилсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. 1961 онд эхэлсэн Унгар Монголын экспедицийн хамтарсан судалгааг өнгөрөгч жил дахин эхлүүлсэн. Мөн Унгар Монгол Улсын кино урлагийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлж, Унгар, Англи, Монгол гурван улсын хамтран бүтээсэн түүхэн кино үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна. бүтээл болно. Түүнчлэн Унгар гаралтай текбол спортыг танилцуулахаас гадна хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж өнгөрсөн онд Монгол Улсад импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүн 58 хувиар өссөн байна. 2016 оноос хойш Унгарын Засгийн газраас жил бүр хоёр зуун оюутан боловсролын бүхий л түвшинд суралцах боломжийг бүрдүүлсэн энэ талаарх мэдээллийг өнөөдөр авах боломжтой.

Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал доктор Хорват Логушши Габор “Унгар Монгол хоёр улс олон мянган жилийн хамтын түүхтэй тал нутгийн нүүдэлчин угсаатнууд. Шинжлэх ухааны олон судалгаа хийж шинэ дэвшлийг авчирсан. Унгар төрийн зүгээс сүүлийн арван жилд Унгар улсынхаа түүхийг хаанаас гаралтай гэдэгт судалгаа хийж, Монгол Улсаас эхэлж байгааг тогтоосон. Энэ хүрээнд зөвхөн Унгар судлалын хүрээлэнг шинээр байгуулахаас гадна Монгол Улсад ч гэсэн Унгар, Монгол судалгаа талд мэргэшсэн Элчин сайдыг томилсон. Монгол ард түмэнд Унгар ард түмэнд найрсаг ханддагт талархаж байна. Бид хэзээд та бүхнийг дэмжиж ажиллахад бэлэн байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө “Нийслэлийн ЗДТГ-аас Элчин сайд хатагтай др.Обрушанский Борбала Аннатай нягт хамтран ажилладаг. Өнгөрсөн онд соёл судлал, аялал жуулчлалын чиглэлээр нэлээдгүй ажлуудыг хамтдаа хийж хэрэгжүүлсэн. Бидний харилцдаг хамгийн сайн түнш. Өнөөдөр бол энд Унгарт сургууль төгссөн үе үеийн төлөөлөл ирсэн байна. Мөн Монгол Улсад амьдардаг унгар хүмүүс, зочид төлөөлөгчид ирсэнд баярлалаа. Энэ гайхалтай улс орны хотууд, ёс заншил гээд маш олон зүйлтэй манай нийслэлчүүд маань ирж танилцана гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдрийн соёлын өдрийн хүрээнд Унгар улсаас хүрэлцэн ирсэн болон Монголын уран бүтээлчид уран бүтээлүүдээ толилуулж байна. Мөн Унгарын түүх, соёлын үзэсгэлэнт газрууд, хот мужуудын нэрээр нэрлэгдсэн асруудад эрүүл мэнд, соёл, боловсролтой холбоотой мэдээлэл өгч байна. Түүнчлэн Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Унгарын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан “Миний мэдэх Унгар орон” хүүхдийн гар зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг үзэж сонирхох боломжтой юм.

1 / 15

Сонирхуулахад, Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украин, Румын, Серби, Хорват, Словени улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн Унгар буюу Мажяр хэл. Энэ нь Энэтхэг-Европ хэлний язгуурт багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм. Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг болсон. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур оршдог. Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version