Гадаад харилцааОнцлох

Ар Гүнт дэх Хүннүгийн дурсгалт газар археологийн судалгаа хийнэ

Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Унгар улсын Унгар судлалын хүрээлэн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн, Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Хорват Лугошши Габор нар өнөөдөр /2022.05.12/ гарын үсэг зурав.

Санамж бичигт тусгасны дагуу “Азийн хүннү ба европын хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа хамаарлын судалгаа” төслийг хэрэгжүүлэх, хамтарсан төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт оршдог Ар Гүнтийн хүннүгийн булш, оршуулгын дурсгалт газар археологийн судалгаа хийх юм.

Унгар судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Хорват Лугошши Габор хэлэхдээ, Монгол, Унгарын археологийн эрдэмтдийн хамтарсан судалгаа анх 1962 оноос эхтэй. Хамгийн сүүлд 2021 онд Бэлхийн аманд хүннүгийн булш малтсан. Энэ зун Ар Гүнтэд 20 орчим хүннү булш малтахаар төлөвлөсөн. 2 сар гаруйн хугацаанд үргэлжлэх энэ төслийн хүрээнд олдвор булшаа гаргаж дуусна. Дараа нь булшнаас гарах олдвороо судална. Хэрвээ хүний яс олдвол ДНК-гийн судалгаа авч Монгол, Унгар нь гарал үүсэл нэг удам угсаатай буюу хүннүчүүдийн удам гэдгийг баталж нотлохыг хүсэж байгаа юм. Олсон олюорууд нь маш үнэ цэнэтэй ховор олдвор байна гэж итгэж байна. Мөн хамтарсан төслийн археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнд цогц судалгаа хийх, олон улсын хэмжээнд сурталчлан таниулна” гэв.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн хэлэхдээ, “ШУА-ийн Археологийн хүрээлэн Унгар судлалын хүрээлэнтэй өнгөрсөн жилээс хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн жил Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Бэлхийн амны хүннүгийн язгууртны булшны төслийг хамтран хэрэгжүүлсэн. Үүнд Унгар судлалын хүрээлэн дэмжлэг үзүүлэн булшнаас гарсан хүний ясны дээжид генетикийн шинжилгээ хийсэн. энэ шинжилгээний үр дүн сайн гарсан тул энэ жил хамтарсан археологийн экспедиц гаргахаар гэрээ байгууллаа. Ар Гүнтийн суурьшлын бүсэд байгаа хүннүгийн жирийн иргэдийн буюу жижиг булшуудад малтлага судалгааны ажил хийнэ. Зургаадугаар сард судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Унгар судлалын хүрээлэнтэй хамтраад өнгөрсөн онд “Азийн Хүннү ба Европын хүн” гэдэг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан. Энэ хурлын үеэр хамтын ажиллагааны үр дүн, судалгааны ажлаа танилцуулж цаашид олон ажил хийхээр ярилцсан. ШУА-ийн Археологийн хүрээлэн Ноён уулын хүннүгийн булшны судалгааны үзэсгэлэнг Унгар улсад ирэх 11 дүгээр сард гаргахаар төлөвлөөд байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version