НийгэмХууль эрх зүйЭх сурвалж

Ө.Эрдэнэбаяр: Зөрчилтэй жолооч нүд, үйл хөдлөлөөрөө андашгүй харагддаг


Халуунд халлаа, хүйтэнд хөрлөө гэж гомдоллодоггүй, усан бороо, цасан шуурга, хаврын хавсарга байгалийн араншинд ажрахгүй, ааштай, ууртай, хэрүүлч, зодоонч, эрх мэдэлтэй хүний аалинд ч автахгүй үүргээ л гүйцэтгэн, хуулиа сахиулсаар явдаг алба, ажилдаа үнэнч, энгийн цагдаа нар Монголын цагдаагийн байгууллагын их ачаанаас үүрэлцэж явдаг гэж боддог.

Тэдний нэг Замын цагдаагийн албаны Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ө.Эрдэнэбаяртай ярилцсанаа хүргэж байна. Өнгөрөгч онд тэрбээр хар тамхи, мансууруулах төрлийн бодис тээвэрлэж явсан гурван тохиолдлыг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж байсан юм. Түүнийг Төв шуудангийн уулзварт үүргээ гүйцэтгэж байхад нь уулзлаа.

-Та бараг Монгол Улсын автозамын сүлжээний эхлэл цэг дээр үүрэг гүйцэтгэдэг юм байна. Энд удаан ажиллаж байна уу?
-Тийм шүү. Монгол Улсын автозамын сүлжээний эхлэл цэгийг тэмдэглэсэн хөшөө тэр харагдаж байна /заав.сур/. Би 2013 оны дөрөвдүгээр сард анх Замын цагдаагийн албанд ажилд орж байлаа. Хөдөлгөөн зохицуулах гэрээт хэлтэст нэг жил ажиллаад Тусгай хамгаалалтын хэлтэстээ ирсэн. Түүнээс хойш дөрөв дэх жилдээ энэ зам, маршрутынхаа дагуу үүрэг гүйцэтгэж байна даа.

-Дөрвөн замын уулзварт хөдөлгөөн зохицуулахад их анхаарал, сонор, сэрэмж шаарддаг болов уу. Түмп дээрээ зогсоод хөдөлгөөн зааварчилж буй цагдаа нар сүртэй харагддаг.
-Ер нь замын цагдаа, тэр дундаа дөрвөн замын уулзварт үүрэг гүйцэтгэж буй алба хаагч өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж маш гярхай, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Түмп дээр гараад дөрвөн талаа харах зам дээр зогсоод зохицуулалт хийхээс их ялгаатай. Хөдөлгөөний урсгал сайн харагддаг юм. Бид цаг агаарын ямар ч нөхцөлд үүргээ гүйцэтгэдэг. Цас, бороотой үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд жигд урсах автомашины хөдөлгөөн эрс удааширч уулзвар хурдан нэвтрэхийг хүссэн жолооч нар зохицуулагчийн дохио харахгүйгээр зорчиж зөрчил гаргах, хөдөлгөөн гацаах зэрэг эрсдэл байдаг учраас түмп дээрээс хөдөлгөөн зохицуулж түүнээс урьдчилан сэргийлдэг.

-Хүмүүс замын цагдаагийн тухай сөрөг бодолтой байх юм. Магадгүй та бүхний үйлдэл, үг, үйл ажиллагаа олны нүдэнд ил болохоор тэр байх гэж боддог. Сайн, муу, сайхан, муухай ааш, авиртай олон зуун жолооч нарын арга, эвийг хэрхэн олж харьцаж байна даа?
-Өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдтэйгээ зөв боловсон харилцаж, хүлээцтэй хандан цагдаагийн албаныхаа нэр хүндийг өргөж явахыг эрхэмлэдэг. Энэ албанд өсөж, төрсөн, сурч, хүмүүжсэн орчин нь ижилгүй олон аавын хүүхдүүд ажилладаг. Тэд өөрийн төлөвшил, арга барилтай ч “Монголын цагдаа” гэсэн нэг тэргүүнтэй. Тиймээс энэ нэрээ хичээж, өргөн учиртай гэж боддог доо. Бидний ажил бол хэн нэгний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө, түүнийг аливаа аюулаас сэргийлэхийн тулд хуулийн дагуу хийж буй үйл ажиллагаа. Өнөөдөр та согтуугаар жолоо барьж яваад хэн нэгэн цагдаад баригдаад торгуулсан бол азтай юм.

Дахиад жаахан давхисан бол үхэл таныг хүлээж байсан ч юм бил үү, бодох хэрэгтэй шүү дээ. Өдөрт олон янзын ааш, араншинтай хүнтэй харьцдаг. Тэднийг хараад, замын хөдөлгөөнд бүсээ зүүж оролцох нь, хүүхдээ зориулалтын суудалд зөв тээвэрлэх нь, дүрэм зөрчихгүй, хурд хэтрүүлэхгүй байх нь өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гээд ойлгочихвол, аливаа зүйлийг эерэг талаас нь эхлээд харчихвал болчих юм шиг санагддаг. Бас хүлээцтэй байх. Хэн нэгний амь, амьдралыг аврах гээд яарч яваа түргэн, гал, цагдаагийн машинд зам өгөх ухамсартай байх хэрэгтэй.

-Яалт ч үгүй тохиолдлоос болж зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцолгүй явуулж байсан удаа бий юу?
-Бий, бий. Халуурсан хүүхдээ аваад эмнэлэг рүү яарч яваа, буяны ажил гарсан гээд амьдрал баян болохоор янз бүрийн л үйл явдалтай таарна. Хэлж ойлгуулаад, болгоомжтой зорчихыг анхааруулаад явуулж байсаан. Би чинь цагдаа гэдэг ажил, мэргэжилтэй, зүрх сэтгэлтэй, гэр бүл, үр хүүхэдтэй хүн шүү дээ. “Үймүүлээд байвал цагдаа агаад өгөөд явуулна” гэж хүүхдэдээ хэлдэг, айлгадаг эцэг, эхчүүдтэй таардаг. Цагдаа эсрэг талын баатар биш чамайг хамгаалах гэж ажилладаг хүн гэдгийг л ойлгуулмаар санагддаг. Эв нь таарвал хэлдэг. Эцэг, эхийн хандлага хүүхдэд маш их нөлөөлдөг шүү, ер нь.

-Өдрийн хэдэн цагийг зам дээр өнгөрөөдөг вэ?
-Энгийн ажлын өдөр өглөөний 07:30 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл зам, маршрутдаа үүрэг гүйцэтгэдэг. Ээлжээ солиод хэлтэс дээрээ очиж дүн мэдээллээ өгч, заваарчилгаа, үүрэг, чиглэл авна. Зарим тохиолдолд ажлынхаа байдлаас болоод цаг сунгаж ажиллана.

-Та гурван удаа хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлсэн байдаг юм билээ. Ер нь замын цагдаа нар зөрчилтэй жолоочийг яаж таньдаг юм бол?
-Өнгөрөгч 2017 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж явсан гурван тохиолдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгсөн. Зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа “Мерседес бенз” маркийн автомашинтай хоёр залууг саатуулан шалгахад цүнх болон тээшиндээ сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэж явсан. Мөн долоо болон 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх үедээ мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн болон тээвэрлэж явсан хоёр тохиолдлыг илрүүлж, харьяалах цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгч ажилласан.

Анх замын цагдаагийн албанд орохдоо таны асуусан шиг “Яаж зөрчил илрүүлдэг юм бол оо?” гэж бодож байсан. Энэ бол туршлага болоод ур чадвар байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Хөдөлгөөн хянаад зогсож байхад зөрчилтэй жолооч нүд, байгаа байдал, үйл хөдлөлөөрөө андашгүй харагдана. Цаг хугацааны явцад цагдаагийн алба хаагч их гярхай болдог. Олон жил ажилласан, туршлагатай цагдаа ах нараасаа их зүйл сурдаг.

-Тэгээд шагнуулсан уу. Ноцтой хэрэг илрүүлсэн цагдаа нарыг шагнадаг биз дээ?
-Одоогоор үгүй л байна.

-Хамгийн их урам авч байсан үеэ дурсвал?
-Хүүтэй болохдоо хамгийн их урам авч, баяр жаргалыг мэдэрсэн. Ажил албыг минь ойлгон дэмждэг ар гэрийнхэн, халуун, дулаан үг хайрладаг анд нөхдөөсөө байнга урам авдаг даа.

-Цагдаа болсондоо харамсдаг уу?
-Үгүй. Яагаад гэвэл миний хүүхэд ахуй цагийн мөрөөдөл. Цагдаа болсноороо бахархаж явдаг. Ээж минь цэргийн госпиталд сувилагч, хоёр ах маань цагдаагийн алба хаагч байсан. Тэр ч нөлөөлсөн байх. Өдөр бүхэн төрийн сүлдээ тэргүүндээ залж үүрэг гүйцэтгэх хувь тохиол хүн бүрт таарахгүй. Тиймээс хувцсаа өнгө үзэмжтэй өмсөх, бусадтай соёлтой, боловсон харилцахаас эхлээд хүндэтгэлтэй, үнэнч хандаж, нэр төртэй хаших алба. Хийж буй ажилдаа үнэнч байна гэдэг бол амьдралдаа хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл гэж боддог. Нэгэнт хүн болж төрсөн юм чинь үнэн, үнэ цэнэтэй амьдрах хэрэгтэй шүү дээ.

-Мөрөөдлөө биелүүлчихээд, анх удаа хөдөлгөөн зохицуулахаар зам дээр гарсан мөчийг одоо ч санагдаг байх?
-Тэгэлгүй яахав. 2013 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр байсан. Тэр өдөр нэлээн том хэмжээний хамгаалалттай таарсан. IV цахилгаан станцын уулзвар дээр үүрэг гүйцэтгэхээр болж хувцсаа өмсөөд зам руу гарах үед хөл чичирч байсныг одоо ч санадаг. Анх намайг тосож авч зааж, зөвлөсөн хүн бол цагдаагийн дэслэгч н.Сүхбаатар. Одоо Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажилладаг, цагдаагийн ахмад цолтой. Сайн зөвлөгч нар, сайхан хамт олныхоо тусламж, дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна даа.

-Баяр ёслолын үеэр цагдаагийнхан илүү цагаар ажиллаж, гэрийнхэнтэйгээ баярлах нь ховор байдаг. Та энэ жил гэртээ шинэлсэн үү?
-Улсын баяр наадамтай миний төрсөн өдөр давхацдаг юм. Цагдаагийн алба хаагч болсноосоо хойш төрсөн өдрөө тэмдэглэж амжаагүй л явна /инээв.сур/. Гэртээ хоёр удаа шинэлж байсан. Энэ жил шинийн нэгний нар мандахад ажлын байран дээрээ байсан. Гэхдээ нар жаргахаас өмнө ээждээ очиж золгосон шүү.

-Олны амар амгалангийн төлөө тантай хамт тангараг өргөсөн гэр бүлийнхэндээ баярлаж явдаг сэтгэгдлээ илэрхийлэх үү?
-Баярлалаа. Цагдаагийн алба хаагчийн гэр бүлийнхэн гэж хагас цэрэгжилтийн байдалтай хүмүүс байдаг. Ээж, эхнэр хоёр маань ч адилхан. Тэр хоёрынхоо хүчинд сэтгэл тайван, хувцас хунар цэвэрхэн ажил үүргээ гүйцэтгэдэг. Миний хүү Э.Болд-Эрдэнэ гурван настай. Гоё гэрэлтэй бас дуугардаг цагдаагийн машинаар тоглох дуртай.

-Эгэл жирийн алба хаагчийн өнөөгийн амьдрал ямар байна даа?
-Маш гоё. Амьдрах сайхан шүү дээ. Хүний л амьдрал юм чинь болохгүй, бүтэхгүй зүйл байна. Яахав, сэтгэл санааны байдал хүнд үед хөдөлгөөн зохицуулж, олон жолоочтой харьцах бэрх шүү. Баяр, хөөртэй үед ажлаа хийгээд л баймаар урамтай.

-Ярилцлагын төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Замын цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийнхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Өвлийн хүйтэн, зуны халуун гээд бүх л цагт бид үүргээ гүйцэтгэж, янз бүрийн нөхцөл байдалд ажилладаг боловч эрүүл мэндээ сайн хамгаалж байгаарай л гэж хүсье. Бид эрүүл, сайн ажиллаж байж л гэр бүлийнхэн, амьдралаа сайхан байлгаж чадна шүү дээ гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: IToim.mn

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version