Байгаль орчинСурвалжлагаОнцлохФото сурвалжлага

“Төсөөллийн ой” төслийн хүрээнд 200 өрхөд чацарганы 1000 ширхэг суулгац хандивлалаа

БНСУ-д төвтэй “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын дэргэдэх Монголын ойн аж ахуйн сургалтын төв нь БНСУ-ын KT&G группын “Төсөөллийн сан” нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 2017 онд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаад байгуулагдан, 5 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. KT&G группын “Төсөөллийн сан” нь ажилчдын сайн дурын хандив болон компанийн санхүүжилтийг 1:1 харьцаагаар бүрдүүлдэг сан бөгөөд олон талт нийгмийн асуудлыг бууруулахад зориулагддаг аж.

Тус сургалтын төв нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын орон нутаг дахь ойжуулалтын талбайн ажилчид, нийслэл, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, нөхөрлөл, хоршооны сургалтуудыг явуулдаг билээ.

Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж буй “Төсөөллийн ой” төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр ойн төгөл байгуулах, гэр хорооллын 500 өрхөд жимсний мод (чацаргана)-ны суулгацыг хүлээлгэн өгч,  иргэн бүр модоо сайн ургуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мод тарих, арчлах талаарх сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд КТ&G Нийгмийн халамжийн сангийн, Монголын ойн аж ахуйн сургалтын төвд уг төслийн хоёр дахь шатны арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. КТ&G группын удирдлагын төлөөлөл оролцсон тус үйл ажиллагаанд БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын шинжээч Р.Ганбат, KT&G группын ажилчдын төлөөлөл Шим ЁнА, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын хамт олон,  Эко Ази сургуулийн захирал доктор профессор Ц.Адъяасүрэн, Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны ЗДТГ, иргэдийн төлөөлөл оролцов.  

Нээлтийн ёслолын үеэр “Ногоон Ази сүлжээ” ТББ –ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху  хэлэхдээ “Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж буй “Төсөөллийн ой” төслийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр ойн төгөл байгуулах, гэр хорооллын 500 өрхөд жимсний мод (чацаргана)-ны суулгац өгч,  ургуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мод тарих, арчлах сургалтыг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд 300 өрх, энэ онд 200 өрх хамрагдлаа. “Төсөөллийн ой” нарсан төгөл маань гэр хорооллын агаарын чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн бол өнөөдөр энэ төслийн хоёрдахь шатны үл ажиллагаа эхэллээ” гэдгийг онцоллоо.

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын шинжээч Р.Ганбат “Ногоон Ази сүлжээ” ТББ нь цөлжилтийг сааруулж, газрын доройтлыг бууруулах зорилгоор мод тарих ажлыг хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд БНСУ-ын KT&G группын ажилчдын хуримтлалаар барьж “Ойн аж ахуй сургалтын төв”-д ойн аж ахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг сургасан. Суралцагчид орон нутагт маш сайн ажиллаж байгаа. Цаашид  сургалтын цар хүрээг улам бүр тэлнэ. Энэ группын хэрэгжүүлж буй “Төсөөллийн ой” төслийн хүрээнд айл өрхүүдийг жимсний модоор хангах ажил хийгдэж байна. БОАЖЯ-наас баримталж байгаа бодлогын нэг бол мод тарих. Мод тарихдаа зөв төлөвлөж, тарьсан модоо арчилж, өрхийн эдийн засгаа сайжруулах боломжтой байх ёстой. Энэ бүхнийг цогцоор нь шийдсэн Ногоон Ази Сүлжээ ТББ болон KT&G группын хамт олонд талархал илэрхийлж байна. Цөлжилт, газрын доройтол гэдэг Монгол оронд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд маш том асуудал болж байна. Үүнтэй холбоотойгоор Ногоон ази сүлжээ ОУТББ-тай БОАЖЯ 2017 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Төв, Архангай, Булган, Дундговь аймгуудад БНСУ-ын KT&G групп цөлжилтийг сааруулах чиглэлээр мод тарих ажил хийгдэж байна. Манай яамтай хамтран ажиллах хүрээнд Ойн аж ахуйн сургалтын төвийг барьж өгсөн. Энэ сургалтын төв маань ойн аж ахуйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтад хамруулах ажлыг хийдэг. Энэ ажил маань олон хүнийг хамруулж, мод тарих үйл ажиллагаанд сургаад явж байна. Цаашдаа ч олон жил хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн хоёр жил нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдолыг бууруулах болон тэрбум мод арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 16, 18 дугаар хорооны иргэдэд мод тарих арга зүйг заах, жимс жимсгэний мод олгох чиглэлээр нэлээн түлхүү анхаарч байна. Мод олгохоос гадна түүнийгээ хархэн тарьж ургуулах вэ гэдэг тал дээр зааж сургаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа. Хамтын ажиллагааны төслөө цаашид ямар хэмжээнд өргөжүүлэх вэ гэдгийг энэ удаагийн уулзалтаар харилцан санал солилцож, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөртэй хэрхэн уялдуулах талаар ярилцана. Ялангуяа тэрбум модны асуудал, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлийн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид яаж хамтран ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулахаар зорьж байна. Тиймээс БНСУ-ын KT&G группын ажилчдын төлөөллүүд төрийн захиргааны төв байгууллага БОАЖЯ-ны удирдлагуудтай уулзаж,  дээрх асуудлаар нарийвчлан ярилцах болно.

KT&G группын ажилчдын төлөөлөл Шим ЁнА “Өнөөдөр иргэдэд суулгац хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна. Монгол орны цөлжилтийг сааруулах, шар шороон шуурганы дэгдэлтийг бууруулах чиглэлд хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа Монголын Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, төслийг хэрэгжүүлэгч Ногоон Ази сүлжээ ТББ болон төсөлд хамтран оролцож байгаа 16, 18 хорооны Засаг дарга нар, иргэдийн төлөөлөлд туйлын их талархаж байна.

KT&G группын нийт хамт олон Монгол орны цөлжилтийг сааруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа юм. Манай хамт олон Монгол оронд тулгарч байгаа байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган 2016 оноос энэхүү сургалтын төвийг байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр Ногоон Ази сүлжээ ТББ-тай хамтраад сайн дурын маш олон ажилд хамтран оролцож ирлээ. Энэ удаагийн төслөөр  дамжигдаад манай группийн санаачилсан ажил цаашид Монгол оронд үнэтэй хувь нэмэр өгөөсэй гэж хүсэж байна.

Өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн “Төсөөллийн ой” төсөл маань маш утга учиртай ажил. Яагаад гэвэл иргэдийн оролцоог хангаж, хамтарч хийж байгаа гэдэг талаасаа маш чухал арга хэмжээ юм. Монголын төр засгаас баримталж буй бодлоготой нийцсэн энэхүү ажлыг цаашид амжилттай болгоход иргэдийн дэмжлэг хэрэгтэй. Тарьсан модоо сайн арчилж ургуулан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг хугацааг туулан Монголд хүрэлцэн ирээд энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашид ч манай хамт олон Монгол Улсыг дэмжин ажиллах болно.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүх “Агаарын бохирдол ихтэй гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд модны суулгац өгч, яаж тарих аргыг нь зааж өгч байгаа та бүхэнд талархал илэрхийлж байна. Гадаад хүмүүс бидний амьсгалах агаар, амьдрах орчинд санаа зовж, “Төсөөллийн ой” төслийг эхлүүллээ. Манай иргэд ч бас энэ санал санаачлагыг дэмжиж, идэвхитэй оролцон өрх болгон хашаандаа мод тариад хүчилтөрөгчтэй эрүүл агаараар амьсгалцгаая. Энэхүү мод тарих ажил маань 16, 18 дугаар хороон дээр  хэрэгжиж байгаа одоо гурав дахь бас том ажил нь болж байна. Өмнө нь иргэдэд чацарганын мод хандивлаж, тарих аргыг нь зааж, усалгааны савыг нь хүртэл өгсөн. Иргэдийн өмнөөс маш их баярлалаа. Цаашид маш олон ажлыг хамтарч хийнэ гэдэгт итгэж байна.  

Байгаль орчны гавьяат ажилтан, профессор Ц.Дамдин: Өмнө нь бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын эхний долоо хоногт мод тарьдаг байсан. Энэ жилийн хувьд илүү онцлогтой. Яагаад гэвэл  тэрбум модны хөдөлгөөн өрнөж байна. Манай Ногоон Ази ОУТББ-ын хувьд  мод тарих гэж байгаа газрынхаа хөрсийг нь судалж үздэг. Тэр утгаараа Монгол орны хаана ч тарьсан мод нь ургадаг. Бид орчны гурван бохирдол буюу агаар ус, хөрсний бохирдлын талаар их ярих болсон. Нийслэл хотын хувьд энэ гурван бохирдол хамгийн өндөр байгаа цорын ганц цэг. Тиймээс  айл өрх, байгууллага дор бүртээ хийх хамгийн энгийн ажил бол мод тарих. Хэдий чинээ их мод тарина, тэр хэмжээгээр энэ гурван бохирдлын хор нөлөөг бууруулж хязгаарлаж чадах юм. Манай иргэд сүүлийн үед чацаргана, нэрс жимсний мод их тарьж байна. Мөн хөрснийхөө онцлогт тааруулж нарс, шинэс, хайлаас зэргийг тарих нь ч нэмэгдэж байна. Өнөөдөр гэхэд  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх БНСУ-ын KT&G группын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан Ойн аж ахуйн сургалтын төв хорооны айл өрхүүдэд чацарганы тарьц өгөх хоёр дахь удаагийн арга хэмжээ боллоо. Энэ удаад 16, 18 дугаар хорооны 200 өрхөд 1000 ширхэг чацарганы тарьц өгсөн бол өнгөрсөн онд 1500 ширхэг тарьцыг өгсөн. Өмнө өгсөн тарьцын ургалт 97 хувьтай байгаа нь маш сайн үр дүн. Тиймээс хороо өрх бүр ингэж мод тарьж чадвал бидний хүсдэг сайхан орчинг бий болох боломжтой.

Дашрамд дуулгахад, БНСУ-д төвтэй “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын дэргэдэх БНСУ-ын KT&G группын  ажилчдын “Төсөөллийн сан” нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаад Ойн аж ахуй сургалтын төв байгуулагдан 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургалтын төв нь ” Ногоон Ази сүлжээ” ТББ-ын орон нутаг дахь ойжуулалтын талбайн ажилчид, нийслэл, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, нөхөрлөл, хоршооны сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ. “Ногоон Ази сүлжээ” ОУТББ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, хүлэмжийн хий бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол орны хэд хэдэн газарт орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалт хийж, нөхөрлөл, хоршоог байгуулан 20 орчим жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм.

Эдүгээ Булган, Дундговь, Төв, Архангай аймаг, нийслэл хот зэрэг нийт 9 газрын 800 орчим га талбайд ойжуулалт хийж, 200 орчим иргэдийг ажлын байраар хангаж байна. Монгол оронд цөлжилтийг сааруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр 20 орчим жилийн туршид хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний жишиг загвар болохуйц ажил болсон. КТ&G группын удирдлагын төлөөлөл ирсэн нь энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн “Тэрбум мод” хөдөлгөөнд хөрөнгө оруулалт хийх боломжийг хамтран зөвлөлдөж, шийдвэр гаргах зорилготой аж.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version