Туслах малчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар малчдад сургалт хийв
Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэрэгжүүлж байгаа “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн баг Өвөрхангай аймгийн Богд суманд (2022.05.09) ажиллав.
Энэ үеэр Комиссын орон нутгийн ажилтнууд туслах малчдад “Хүний эрх”, “Хүүхдийн эрх, хамгаалал”, “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь”, “Оролцооны эрх” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, 10 гаруй малчин хамрагдаж “Өөртөө туслах баг”-аа байгуулан бүлгийн ахлагчаа сонгон цаашид хамтарч ажиллах чиглэлээ тогтсон байна.
Түүнчлэн тус сумын үндсэн малчид болон Дэмжих бүлгийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, Хөдөлмөрийн хууль /Шинэчилсэн найруулга/-д тусгагдсан туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой заалтууд болон “Туслах малчны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааны үр дүнг танилцуулж, малчид хоорондын хөдөлмөрийн харилцааг гэрээний үндсэн дээр албажуулах, гэрээний заалт тус бүрээр ярилцаж гарын авлага өгсөн байна.
Богд сумын хувьд сүүлийн хоёр жил дараалсан ган, зудын улмаас мал нь 50 гаруй хувь хорогдож, малчид нь Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймагт отроор явж байна. Мянгат малчин Отгончимэг туслах малчинтайгаа гэрээ байгуулж ажилладаг бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь сайн дураар төлүүлдэг.
Үндсэн малчны хувьд 600-аас доош малтай нөхцөлд тухайн туслах малчны гэр бүлийн хоёр хүнийг цалинжуулахад хүндрэлтэй байдаг” хэмээн сургалтын үеэр ярьж байлаа. Малчдын зүгээс үндсэн малчдыг урьж туслах малчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар ярилцаж, санал солилцож байгаа нь цаг үеэ олсон, ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг оролцогсод онцлов.