ОнцлохНийслэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлснээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ

Хүн амын 60-аас илүү хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг манай хотын хувьд ус, агаар мэт хэрэгцээтэй зүйл бол гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил. Манай улсын хувьд 2011 оноос эхлэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Тус хугацаанд нийтдээ 15 мянга гаруй айлын орон сууцыг төслийн хүрээнд ашиглалтад оруулжээ. Энэ нь жилд дунджаар 1500 айл орон сууцтай болж байсан гэсэн үг. Тэгвэл энэ жилээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэн, 4500-6000 айлыг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.

Аль ч улсын, ямар ч хотын тэргүүн эгнээнд анхаарал хандуулах асуудлын нэг бол орон сууцны бодлого. Учир нь орон сууцны бодлогоор дамжуулан тухайн хотын хөгжлийг тодорхойлж болдог. Тухайлбал, орон сууцны бодлогыг чухалчилсан хотуудад төвлөрөл саарч, түгжрэл буурч, ядуурал багассан гэх мэт олон сайн талууд гарсан байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020-2025 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг илүү өргөн хүрээтэйгээр эрчимжүүлэхээр зориод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Улсын нийслэл Улаанбаатар хот бол орон сууцны бодлогыг өргөн хүрээнд авч үзэж байгаа. Өмнөх нийгмийн үед хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд нэг хүнд ногдох ногоон байгууламж, цахилгаан, дулаан гээд бүх стандартаа барьж явж байсан. Ерээд оноос хойш, энэхүү бодлого алдагдаж, төвлөрөл бодитоор бий болж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотын хүн амын даац гурав дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрээд байна. Хүн амын ердийн өсөлт 35 мянга, механик өсөлт 40 мянга, хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж байна. Тэр хэрээр хотын даац нэмэгдэж байгаа.

Улаанбаатар хотыг олон төвт хот болгон хөгжүүлж, хүн амын нягтаршил  суурьшлыг зөв төлөвлөж, түгжрэлийг бууруулах чиглэлд зорьж байгаа. Олон төвт хот болгохын тулд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Улиастай, Шар хад гэхчлэн  дэд төвүүд рүү хотоо задалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагуудаа дагасан байдлаар хөгжүүлэх бодлогыг боловсруулаад байна. Харамсалтай нь хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдал хөгжлийг удаашруулдаг, цаг хугацааг хойшлуулдаг, тэр хугацаанд ард иргэдийн итгэл буурдаг. Энэ бол нийгмийн судалгаанаас харагдаж буй үзүүлэлт. Тэгэхээр Хотын даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх нэг гол ажил бол орон сууцны бодлого. Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орон сууцны бодлого гол байр суурь эзэлж байгаа гэсэн юм.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцны барилгын ажлыг хэлүүлэхэд хамгийн чухал амин судас нь дэд бүтэц. Өнгөрсөн хугацаанд төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас үүдэлтэйгээр гэр хорооллын бүс рүү дэд бүтцийг хангалттай хэмжээнд татаж чадаагүй нь төслийн ажил удаашрах шалтгаан болсон гэж болох юм. Тэгвэл энэ жилээс эхлэн гэр хорооллын дэд бүтцийг өргөтгөхөд жилд 30 тэрбум орчим төгрөгийг суулгаснаар гэр хорооллыг орон сууцжуулж буй аж ахуйн нэгжүүдэд том боломж болж, төслийг хэрэгжүүлэх хугацаа богиносох давуу талтай. Мөн нийслэл хотод зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа нь дэд төвөө түшиглэн, орон сууцны барилгын ажлаа эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох юм.

Б.СҮХБААТАР: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН 80-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэдэн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна вэ. Үүнээс хамгийн том талбарыг  онцолбол хаана вэ?

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 43 байршил эзэнтэй болчихсон, ямар нэгэн байдлаар ажил нь эхлээд байна. Хамгийн сүүлд шалгарсан байгууллагууд иргэдтэйгээ гурван талт гэрээ байгуулахаар айл айлын хаалга тогшоод явж буй бол зарим нь эхнээсээ барилгаа барьчихаад хүлээлгэн өгч байх жишээтэй. Нэмээд таван байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар тендер зарлаад байна. Нийтдээ 48 талбар гэсэн үг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе үеийн Засаг дарга нар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байсан. Тэр бүхэн алдаа оноотойгоо бидэнд ирсэн. Бид алдааг давтахгүй зөв явахаар зорьж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршил сонгож байгаад судалгаа хийж үзлээ. Дүүрэг бүрд гэр хорооллын иргэдийн 80-аас дээш хувь нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл, орон сууцны дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй 220 мянган өрхийн 120 мянгыг нь л дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамруулахаар байгаа. Үлдсэн 100 мянгад инженерийн шугам сүлжээ хүрэхгүй. Энэхүү инженерийн шугам сүлжээ хүрэх 120 мянган айлыг орон сууцжуулахын тулд дэд бүтцийг нь татах ажлыг нийслэлээс зохион байгуулах юм. Бид гарах шийдвэрээрээ дэмжиж, дэд бүтэц, борлуулалтын дэмжлэг үзүүлж, дахин төлөвлөлтийг богино хугацаанд хэрэгжүүлнэ. Инженерийн шугам сүлжээ хүрэхээргүй газруудад “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт” хийж, хашаандаа сайхан амьдрах боломж олгож, шинэчлэн зохион байгуулалт хийх юм. Газрын үнэ цэнийг өсгөх хэлбэрээр төсөл хөтөлбөр зохион байгуулна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлснээр орон сууцны нийлүүлэлт нэмэгдэнэ. Гэхдээ тоонд анхаарахаас илүү өнгөрсөн хугацааны алдаагаа давталгүйгээр стандарт, шаардлагад нийцсэн зогсоол, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль хүртээмжтэй байдлаар төлөвлөлтийг хийж, иргэдэд тав тухтай тохилог орчинд амьдрах боломж олгоход хот бодлогоор дэмжин оролцох юм.

-Тэгэхээр дахин төлөвлөлтөөр босож буй орон сууцуудад ямар стандарт тавьж байгаа вэ. Орон сууцны үнийн хувьд хувийн хэвшлийнхний барьж буй орон сууцаас хөнгөлөлттэй байж чадах уу?

-Бидний өмнө алдсан алдаанууд бий. Жишээ нь, дахин төлөвлөлтийн талбарт төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад ороод батламжаа аваад явж байтал хажууд нь зэрэгцээд өөр аж ахуйн нэгжүүдэд дунд нь барилга барих зөвшөөрөл өгөөд байсан. Ингэхээр төлөвлөлт алдагдаж, олон талбарт олон барилга зэрэг баригдаж,  зогсоол, ногоон байгууламжийн хүртээмж багасаад эхэлдэг. Тэгэхээр ийм байдлыг хумиад эхэлсэн, бид бодлогынхоо хүрээнд. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй зураг дээр зөвшилцсөн хэлбэрээр явна гэдэг бодлогыг хатуу баримтлаад эхлэхээр үнэ цэн нь ч гэсэн өсөөд эхэлж байгаа юм.  

Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтын хүрээнд захын гэр хорооллын орлого багатай иргэдийг орон сууцжуулах, тэр хэсгийн газрыг чөлөөлж, газрын үнэ цэнийг өсгөх зэрэг ажлуудыг энэ жилээс хийнэ. Анх удаа төсөвт хөрөнгө мөнгө төлөвлөсөн тус ажил хамгийн их гэр хороололтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зургаан хороонд хэрэгжиж эхэлнэ. Инженерийн шугам сүлжээ хүрэхгүй захын хэсгийн гудамжнуудыг гал команд болон түргэн, хог ачих машин чөлөөтэй явах боломжтой болгох юм. Мөн амины, ногоон орон сууц барихдаа ипотекийн зээл, түүнээс бага хүүтэй зээлүүдийг гаргаж, иргэдэд амины орон сууц авсан гэрчилгээг нь олгон, урт хугацаанд дахин газар чөлөөлөлт хийхгүй байхаар зорьж байгаа. Ногоон орон сууц нь бохир, цэвэр ус, халаалт дулааны бие даасан шийдэлтэй учраас маш хэмнэлттэй. Түүнчлэн зөвхөн хашаанд мод тарих бус, хашааны гадна талд ч мөн ногоон байгууламж байгуулна. Ингэснээр газрын үнэ цэн өсөж, хашаандаа сайхан амьдрахыг хүсэж буй иргэд маань тийш чиглэнэ. Энэ мэт байдлаар орон сууцны бодлогоор холимог тогтолцоог авч явахыг хичээж байгаа юм.

Д.СУМЪЯАБАЗАР: ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ ЭХЛҮҮЛСЭН НЬ ХАМГИЙН ЗӨВ, ЭНЭ БОДЛОГО ЦААШ ҮРГЭЛЖЛЭХ УЧИРТАЙ

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн анхны хаалт болсон чухал үйл явдал энэ долоо хоногт тохиолоо. Энэ бол орон сууцаа ашиглалтад оруулж, айл өрхүүдээ хамруулж, төслийн хүрээнд эхлүүлсэн ажлаа бүрэн дуусгаж буй анхны тохиолдол юм. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны уг байршилд гэр хорооллын 80 айлын газрыг чөлөөлж, 700 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

-Ирээдүйд бий болох биет зүйлсэд одоо байгаа өмч хөрөнгөө барьцаалан солилцож байгаа учраас итгэлийн асуудал гарч ирнэ. Өмнө нь газар ч үгүй, байр ч үгүй болж байсан олон жишээ байгаа. Харин энэ долоо хоногт төслийн анхны хаалт боллоо. Иймд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Аль болох хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллах байр суурийг баримталж байгаа. Гэр хорооллын газрыг дахиж төлөвлөж орон сууцжуулах төслийн анхны хаалт боллоо. Үүнд иргэд ч ам сайтай байгаа. Анх эхэлж буй ажилд алдаа оноо гарна шүү дээ. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогыг эхлүүлсэн нь хамгийн зөв, энэ бодлого цааш үргэлжлэх нь зүйтэй. Харин үүний тулд арилжааны банкнууд, МИК, ТОСК, НОСК-тай хэрхэн уялдаж энэ орон сууцны бодлогыг явуулахад анхаарч буй. Жишээ нь эхний ээлжид арилжааны банкнуудтай хамтран бизнесийн моделио ярилцаж, гаргах хэрэгтэй. Үүнд Монгол банкны нөмөр нөлөө мөн чухал. Санхүүгийн схем, бизнесийн моделийг хамтад нь, зөв харж, холбон ажиллах ёстой юм. Дөнгөж шинээр эхлэн гарч ирсэн бодлогод алдаа, саад бэрхшээл гарч болно. Тэрхүү алдааг нь засаж сайжруулан, орон сууцны бодлогоо цааш үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Хамгийн гол тулгарах асуудал бол хөрөнгө санхүү. Тиймээс орон сууцны бодлогыг 20-30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, 1.75-2 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг Улаанбаатар хот Засгийн газартайгаа хамтран татаж авах шаардлагатай юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд дэд бүтэц болон бодлогын түвшинд анхааран ажиллаж байгааг энэ удаа онцоллоо. Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэр хорооллын бүсэд дэд бүтэц хүрэх боломжтой өрхүүдийн тоо 120 мянга гаруй байна. Өөрөөр хэлбэл, ийм тооны өрхийн газрыг дахин төлөвлөх боломжтой. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 270 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Дэд бүтцийг тэлэхэд бага багаар төсөв төлөвлөж эхэлсэн нь том давуу тал болж байна. Харин дэд бүтэц хүрэх боломжгүй хэсгүүдэд гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалтыг төлөвлөж буй. Иргэд хашаандаа дэд бүтцээ шийдэн амьдрахад хотын зүгээс бодлогоор дэмжинэ гэсэн үг юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version