Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа билээ. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр томилогдон ажиллаж байна.
Монголын баялаг бүтээгчдийн холбооноос санаачилсаны дагуу УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр нар /2022.05.06/ Мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөлөлтэй уулзаж, хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Хэвлэлийн үйлдвэрлэлийн холбоо, Хүнс хоол үйлдвэрлэл, худалдааны нэгдсэн холбоо, “Бидний зөөлөн гар” ТББ, Монголын ойн модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг 42 холбоо, ТББ-ын төлөөлөл оролцов.
“Мэргэжлийн нэгдсэн холбоо, төр хоорондын хамтын ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд энэ хүрээнд төрийн зүгээс мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах нөхцөлийг тусгасан. Энэ хуулийн төсөл батлагдсанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа тогтвортой, мэргэшсэн байх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн ялангуяа мэргэжлийн байгууллагын үзүүлэх нөлөө нэмэгдэх, мэргэжлийн холбооны үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талууд бий болно гэдгийг онцлоод баялаг бүтээгчдийн холбооноос энэ хуулийн төслийг дэмжиж хамтран ажиллах санаачлага гаргаж байгаад баяртай байна гэв.
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан хэлэхдээ, салбарын мэргэжлийн хүмүүсийг оролцоог илүү хангаснаар тухайн салбарын хөгжлийн урт, дунд, богино хугацааны хөтөлбөрийг тодорхой болгох, хууль эрх зүйн орчныг илүү оновчтой болгоход энэ хуулийн төслийн ач холбогдол оршиж байна гээд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн мэргэжлийн холбоодын төлөөллүүд мэдээллийн ил тод байдал, хууль эрх зүйн орчин үнэхээр дутмаг байгааг онцолж байв. Мөн хуулийн төсөлд тусгуулах санал санаачлагуудаа гаргаж, дэд ажлын хэсэгт орж идэвхитэй ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.