ЯрилцлагаОнцлох

Б.Болорцэцэг: Бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрсдийн хийх зүйлээ л хийдэг

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51, аюулт үзэгдэл, ослын хоёр дуудлагыг бүртгэжээ. Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй 69 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум  төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулсан аж.

Ногоон бүсэд зорчиж байсан 135 автомашин 457 иргэн, 41 айл өрх, долоон аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ. Хуурайшилтын цаг агаартай энэ үед гал түймрийн дуудлага нэмэгддэг билээ. НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салааны захирагч, ахлах дэслэгч Б.Болорцэцэгийг ээлжийн үүргээсээ буух үед түүнтэй албан ажил болон цаг үеийн зарим сэдвүүдээр ярилцсан юм.

-Хоёулаа ярилцлагаа таны мэргэжил сонголтоос эхэлье. Анх яагаад, хэрхэн энэхүү мэргэжлийг сонгож байсан бэ?

-Ерөнхий боловсролын сургууль маань Хууль сахиулах их сургуулийн хажууд байрладаг байлаа. Тиймээс тус их сургуулийн суралцагчид сургуулийн урдуур их зөрнө. Тэдний өмссөн хувцас нь сүртэй, суралцагчид нь жавхаалаг, цоглог харагддаг байсан нь намайг цэргийн байгууллага руу хөтөлсөн. Хүүхэд байсан болохоор цэргийн байгууллагад орвол ийм гоё хувцас өмсөх юм байна хэмээн мөрөөдөж байсан юм. Тэгэхээр багын мөрөөдөл маань одоо биелсэн гэсэн үг.

-Хүүхэд байхаас мөрөөдсөн гэхээр танай гэр бүлд дүрэмт хувцас өмсдөг хүн байсан юм болов уу гэж бодогдлоо?

-Өвөө, эмээ хоёр маань Зүүнбаян цэргийн ангид ажилладаг байсан. Түүнээс өөр дүрэмт хувцастай хүн гэр бүлд маань байхгүй. Аав, ээж хоёр маань хувиараа ажил эрхэлдэг.

-Мэргэжлээрээ суралцаад төгсөж, ажлын байранд гарахад хүнд санагдсан зүйл байв уу?

-Мэргэжлээрээ суралцаж байхад юу ч мэдэхгүй болохоор ч тэр үү, их хүнд санагддаг байсан. Сургуулиа төгссөний дараа дадлага сургуулилт хийж, төрөл бүрийн сургалтад хамрагдсанаар хэцүү санагдах зүйлгүй болсон доо. Хүссэн мэргэжил болоод ч тэр үү, барагтай л бол хүнд хэцүү санагддаггүй. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай.

-Салааны дарга юм билээ. Албан тушаалынхаа талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Ээлжийн үүргийг 24 цагаар гүйцэтгэдэг юм. Ингэхдээ тухайн ээлжид гарч буй салааны бие бүрэлдэхүүнийг удирдана гэсэн үг л дээ.

-Салаагаа удирдана гэхээр та өөрөө ч гал гарсан объект руу орох юм байна. Гал түймрийн дуудлагад хэр их явсан бэ?

-Галын дуудлагад нийслэлд ирснээсээ хойш ажиллаж байна. Хөдөө орон нутагт дандаа аврах ажиллагааны дуудлагад явдаг байсан юм. Нийслэлд ирснээс хойш 11 удаагийн гал түймрийн объектын дуудлагад явсан байгаа.

-Гал түймрийн дуудлагад явахын тулд тухайн салаа хоорондоо нийцтэй, нэгнээ ойлгодог, хамтарч ажиллаж чаддаг байх хэрэгтэй нь хамгийн гол шинж чанар юм шиг санагдаж байна л даа. Салаан бие бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлдэг гэсэн үг вэ. Хэр их солигддог бол?

-Нэг салаа 12 хүний бүрэлдэхүүнтэй. Тухайн салаа ээлжид гарсан өдрөө галын дуудлага ирсэн тохиолдолд явна. Ингэхдээ ээлжлээд л явдаг. Харин бие бүрэлдэхүүний хувьд хэн нэгэн алба хаагч нь тэтгэвэрт гарсан тохиолдолд дараагийн хүнээ сэлгэж авдаг юм. Үүнээс бусад тохиолдолд салаан бие бүрэлдэхүүн барагтай бол солигдохгүй. Гал, гамшиг хоёр эрсдэлтэй зүйл. Бид хүний төлөө амь насаа өргөнө хэмээн тангараглаж, бусдын төлөө ажилладаг шүү дээ. Бие бялдар сайтай, хатуу тэвчээртэй, ажил мэргэжлээ мэддэг, олон жил ажилласан дээд үеийнхэнтэйгээ хамтарч ажилладаг. Доод үеийн шинэ дэд ахлагч нартаа заавар зөвлөгөө өгнө. Ингэж харилцан бие биендээ тусалж, дэмжиж, зааж, зөвлөж, хамтарч ажилладаг даа.

-Салааны дарга байхын хэцүү зүйл нь юу вэ. Зөвхөн салаан дарга гэхгүйгээр биеийн хүчний ажилд эмэгтэй хүн ажиллахад хүндрэл бэрхшээл тулгарах нь баараггүй байх?

-Бид өдөр тутмын дасгал сургуулилт, соён гэгээрүүлэх ажил хийдэг. Өдөр тутмын өөрсдийн хөтөлдөг баримт бичигт тусгасан бүх ажлаа төлөвлөж хийдэг юм. Удирдан зохион байгуулж буй хүний ур чадвар хамгийн чухал зүйл. Удирдагч хүн үргэлжид манлайлагч байх ёстой. Эмэгтэй хүний хувьд объектын гал түймэр рүү орох, хүмүүсийг удирдан зохион байгуулна гэдэг чанга асуудал л даа. Эрэгтэй хүмүүсийг ямар нэгэн байдлаар давж гарах хэцүү. Тухайлбал, хөдөлгөөн, хурд, хүчний ажлаар гэх мэт. Гэхдээ давуу чанар илүүтэй байгаа гэж боддог. Эрэгтэй хүмүүсээс дутахааргүй удирдан зохион байгуулж, бүхий л ажлыг хийж чаддаг гэдгийг харуулж буй нь авууштай зүйл юм болов уу гэж бодож байна. Онцгой байдлын байгууллага бүү хэл цэргийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд ар гэр хаягддаг. Гэр бүлдээ зориулах цаг зав хомс. Сая дурдсан зүйлс бол нийтлэг бэрхшээл болон давуу талюм.

-Та анхны дуудлага, ажиллагааныхаа талаар ярьж өгөхгүй юү. Анхны зүйлс барагтай бол мартагдахааргүй дурсамж болж үлддэг шүү дээ?

-Төгссөнийхөө дараа Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 2018 оны долоодугаар сарын 16-нд Эрэн хайх, аврах бүлгийн даргаар томилогдсон. Улмаар Баян-Өлгий аймагт тус оныхоо наймдугаар сарын 28-нд Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангид Салаан захирагчаар томилогдон ажиллаж байлаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 2019 оны аравдугаар сарын 21-нд Салаан захирагчаар ажиллаж байсан юм. Налайх дүүрэгт 2021 оны арванхоёрдугаар сарын 01-нд Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид Салаан захирагчаар ажиллаж байна.

Би их сургуулиа төгсөх үедээ зургаан сартай жирэмсэн байлаа. Тэр үед анхны дуудлагадаа явсан юм. Тэр үед хамгийн түрүүнд “Яана аа” л гэж бодогдсон. Жирэмсэн байснаас гадна анхны дуудлага галтай холбоотой байсан юм л даа. Дуудлага өгсөн газарт очиход автомашин бүрэн шатсан байдалтай дүр зураг угтсан. Тиймээс галыг унтраасны дараа хүлээлгэж өгөөд явж байсан даа. Анхны дуудлага болохоор ч тэр үү сандрал ихтэй байсан. Сүүлдээ ч дасан зохицно гэдэг нь болсон доо. Дасан зохицоод л баргийн зүйлийг тоохоо больдог.

-Анхны ажиллагаанаас гадна үүрэг гүйцэтгэж явахад тохиолддог олон үйл явдал байдаг байх. Тэр мөчөөсөө хуваалцахгүй юү?

-Тийм тохиолдлууд байлгүй яахав. Газар орон, байршил мэдэхгүй асуудал их гардаг байсан. Хүмүүс маань сайн мэдээд байдаг. Гэтэл би мэдэхгүй. /инээв/ Дараа нь тухайн газруудыг мартахгүй шүү хэмээн цээжилнэ. Дуудлага ирэх бүрд мэдэхгүй газраа мэдэж авна. Дараа нь алган дээрээ тавьсан мэт л газар зүйн байрлалыг мэддэг болно доо.

-Та орон нутагт ажиллаж байгаад нийслэл рүү ирсэн юм байна. Орон нутагт болон нийслэлд ажиллахын ялгаа нь юундаа байна вэ?

-Би өндөр, уулархаг, далайн түвшнээс дээш газар ажилладаг байсан. Гол, нуур ихтэй болохоор аврах ажил их хийдэг байлаа. Нийслэлд бол объектын, ой хээрийн түймэр их гардаг. Хүн ам их суурьшсан болоод ч тэр үү, энэ төрлийн гал, гамшгийн тохиолдол их гардаг юм. Мөн аврах ажиллагааны дуудлага ч их ирнэ. Тэгэхээр орон нутгийг бодвол илүү ачаалалтай байдаг.

-Гал гарах үед хүмүүс зугатдаг. Харин та нар гал руу давшдаг. Энэ бол маш их зориг, сэтгэлийн хат шаардсан ажил шүү дээ. Тэр сэтгэл зүйг хэрхэн бий болгодог вэ?

-Сэтгэл зүйн бэлтгэлийг их сургуульд орсноос хойш хийж эхэлдэг. Зарим хүмүүс гал, гамшиг гэхээр зөвхөн унтраахаар очдог юм байна гэх буруу ташаа мэдээлэлтэй байдаг л даа. Гал гарсан үед өөрсдөө айж, зугатдаг. Тэгсэн атлаа бидний биеийг төмрөөр хийсэн мэт харьцах тохиолдол бий. Гал гарч буй хэсэг рүү биднийг унтраахаар очих үед нэг зүйл ярина. Унтраагаад гарч ирэх үед ч өөр зүйл ярина. Хэцүү л дээ. Энэ мэт үйлдэлд эмзэглэх шаардлага байдаггүй. Бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрсдийн хийх зүйлээ л хийдэг.

-Ийм тохиолдолд эмэгтэй хүн би бэртчихвэл ар гэр маань хэрхэх вэ хэмээн санаа зовох эсвэл энэ галыг яаралтай унтраах хэрэгтэй гэх хоёрдмол бодлын дунд гацдаг болов уу?

-Шулуухан хэлэхэд үүргээ гүйцэтгэж яваа үед ар гэр ерөөсөө бодогддоггүй. /инээв/ Замаа хурдан шуурхай туулж очоод, объектын галыг хэрхэн шуурхай унтраах вэ, одоо ямар байгаа бол, хэдэн хувьтай байгаа, салхины эрч хаанаасаа байна вэ  гэх бодлууд л толгойд эргэлддэг. Өөрийн бэртэл гэмтлийн талаар санаа зовних цаг ч байхгүй. Бодолд ч тийм зүйл орж ирэхгүй. Аюулгүй ажиллагааг нэн түрүүнд хангаж явж байгаа болохоор бэртэж гэмтэх тохиолдол гараагүй. Өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтэж байгаагүй юм байна. Одоогоор байшин, зуслангийн хашааны өвс, машин техник шатсан дуудлагуудад явдаг. Томоохон хэмжээний галын дуудлагад яваагүй болохоор яг ийм хоёрдмол байдалд ордог эсэхийг мэдэхгүй. Одоогоор бол ажил л нэн тэргүүнд бодогддог. Ямар ч нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах талаар л хамгийн бодож явдаг.

-Ар гэртээ санаа зоволгүй ажлаа хийдэг гэхээр гэр бүлийнхэн тань таны ажлыг их дэмждэг юм байна?

-Би нөхөр, хоёр хүүхдийн хамт ажилладаг. Нөхөр маань нэг салбарынх. Нөхөр маань Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд шинжээч хийдэг, ахмад цолтой хүн бий. Ажлыг маань ч их дэмждэг. Ардаас утасдаад хаана байна, юу болж байна, хэдэн хувьдаа явж байна, болгоомжтой байгаарай хэмээн үргэлж захиж, ярьдаг юм. Хүүхдүүдийг маань нөхрийн аав ээж харж өгдөг. Тийм болохоор ардаа огтхон ч санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжтой болдогт их талархдаг даа.

-Одоогийн цаг үеийн нөхцөл байдалд цалин гэдэг бол томоохон асуудлуудын нэг болоод байна. Танай салбарын хувьд цалин хэр байдаг бол?

-Амь насны эрсдэлтэй салбарт ажилладаг болохоор цалин хангалтгүй санагдах үе бий. Гэхдээ бид шатлалаараа цалинждаг тогтолцоотой. Онцгой байдлын байгууллагад онцгой нэмэгдэл гэж өгдөг. Тиймээс цалин маань амьдралд хүрэлцээтэй байгаа.

-Хувцас, хангамж хэрэглэл хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Ойн хээрийн түймэрт ажиллах үеэр багаж зэвсэг, техник эвдрэх, гэмтэх тохиолдлууд бий. Үүнээс шалтгаалж багаж зэвсгийн дутагдалд ордог. Бусдаар бол хангамжаар өгдөг багаж зэвсэг хангалттай хүрэлцээтэй байгаа.

-Өдөрт дунджаар хэчнээн дуудлага хүлээн авдаг бол. Хүний нөөц хэр хүртээмжтэй вэ?

-Тухайн өдрийн цаг агаараас шалтгаалдаг. Улирал улирлаар ч ялгаатай тооны дуудлага хүлээн авна. Өвөлд угаар, галын, зундаа аврах ажиллагаа гэх мэтээр. Жилийн турш л анхаарал болгоомжтой ажиллах шаардлагатай болдог. Манай салбар 24 цагаар үүрэг гүйцэтгээд амардаг юм. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа ээлжтэй гэсэн үг. Дуудлага багатай үед дөрвөн эргэлтийн системээрээ явдаг. Тэгэхээр хүний нөөц хангалттай байдаг гэж ойлгож болно.

-Та мэргэжлийнхээ хамгийн сайхан зүйлийг дурдвал?

-Аав, ээжийн олон сайхан хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж буй маань хамгийн сайхан зүйл гэж боддог. Сонгосон мэргэжилдээ үнэнч байж, мэргэжилдээ хайртай байх шиг сайхан зүйл байхгүй.

-Сүүлийн үед гал түймрийн тохиолдол ихээр гарах боллоо. Иргэдэд хандаж сэрэмжлүүлэг хүргэхгүй юү?

-Хуурайшилттай, тоосонцор ихтэй, бороо, хур тунадас багатай энэ үед хүмүүсийн санамсаргүй үйлдлээс улбаалан ой хээрийн эсвэл объектын түймэр гарч байна. Хувь хүн өөрсдөө аюулгүй байдлаа хангасан цагт аюулгүй байж чадна. Тамхины ишээ зориулалтын саванд хаях, цахилгааны утсаа далд хийх, угаартахаас сэргийлэх, ил галаа унтраах гэх мэт иргэдийн хариуцлагатай байх үйлдлүүд бий. Тиймээс гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн дор бүрнээ хариуцлагатай хандаасай хэмээн хүсэж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version