Тамирчдын амжилтFocus

“Хангарди”-ийн бөх Ө.Батзул Азийн аваргын тэмцээнд үзүүрлэв

Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 15 орны 300 гаруй тамирчин оролцов. Тус тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолбор, “Хангарди” клубийн тамирчин ОУХМ Ө.Батзул 97кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Казакстаны бөх, хоёрдугаар тойрогт Узбекстаны бөхийг ялсан бол, Аваргын төлөө Ираны Мохаммадхоссейн Мохаммадиантай хүч үзэж, ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Ө.Батзул 2019 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн  бөгөөд, тивдээ хоёр дахь удаагаа ийнхүү үзүүрлэлээ. 

Б.Мөнгөнсолонго, Н.Баяржаргал нар Өсвөр үеийн  Улсын аварга боллоо

Чөлөөт бөхийн Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан Улаанбаатар хотноо болж, 35 багийн 550 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Энэхүү тэмцээнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Спорт цогцолбор, “Хангарди” клубийн тамирчин Б.Мөнгөнсолонго 43 кг-ын  жинд, Н.Баяржаргал 79 кг-ын жинд тус тус түрүүлж, алтан медаль, Ц.Одончимэг 49кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Ингэснээр, жиндээ түрүүлсэн Б.Мөнгөнсолонго, Н.Баяржаргал нар Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардлаа. 

Эртэч Эрдэнэтчүүд спортоор хичээллэж байна

 “Илүүдэл жингүй эртэч монгол” хөтөлбөрийн хүрээнд Спорт цогцолбороос дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12 хүртэл “Эрүүл мэнд  -Эрхэм баян” аян зохион байгуулж буй. Аяны хүрээнд фитнес, усан бассейн, бадминтон, аэробик, иог, ширээний теннис, сагсан бөмбөг, волейболын секц өглөө бүр 6:30-7:30 цагт хичээллэж байна. Өнгөрсөн 7 хоногт өглөөний секц, дугуйланд 95 ажилтан хамрагдаж, нийтийн биеийн тамираар 1270 хүн хичээллэжээ. 

Ажилчид спортоор өрсөлдөв

Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас ажилтнуудынхаа дунд спортын өдөрлөг зохион байгууллаа. Тэд биллиард, ширээний теннис, олс таталт, хөгжилтэй буухиа, сагсан бөмбөг, волейболоор өрсөлдөж, тэмцээний нийлбэр дүнгээр Төрөлжсөн архив түрүүлсэн бол Хүний нөөцийн болон  Дотоод зохион байгуулалтын албууд удаах байруудыг эзэллээ. 

Түүнчлэн, Засвар механикийн заводын ажилчдын сагсан бөмбөг, олс таталтын тэмцээн болж, есөн хэсгийн 80 тамирчин оролцсон. Тэмцээний нийлбэр дүнгээр Б.Мандалбаяр ахлагчтай Эрчим зүйн алба нэгдүгээр байр, Н.Мэндбаяр ахлагчтай Засвар угсралтын хэсэг, С.Ууганбаяр ахлагчтай Механикийн алба хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version