Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ.
“Ивээлт цамхаг констракшн” ХХК нь тус хороонд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж буй бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд дахин төлөвлөлтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд дахин төлөвлөлтөд иргэдийн итгэх итгэл алдарсан нь харагддаг. Дахин төлөвлөлтөөс шалтгаалан иргэд хохирсон учраас болгоомжлол өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор дахин төлөвлөлтөд олон хүндрэл, бэрхшээл гарч байна. Өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан. Одоогоор Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлж байгаа. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд зарим том талбарыг жижиглэн, сонгон шалгаруулалтыг зарлаж эхэлсэн. Өнөөдөр уулзалтад ирсэн иргэд дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа ч шалгарсан аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироовол яах вэ гэсэн айдас байна. Мөн газрын үнэлгээтэй холбоотой асуудал ч бий. Иймд бид аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өглөө. Иргэд, аж ахуйн нэгжтэй гурвалсан уулзалтыг дахин хийнэ. Зөвхөн энэ талбар төдийгүй дахин төлөвлөлтийн бүх талбарт аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, гурвалсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.
Иргэд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй холбоотой зарим маргааны талаар санал, гомдлоо хэлж байлаа. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч иргэдтэй дахин уулзаж, илүү ойр ажиллах, үүсэж буй хүндрэлийг шийдэхийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид үүрэг болгосон юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР