Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлнэ
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг хамтран хэрэгжүүлнэ.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хамтран “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг хамтран хэрэгжүүлэхээр төслийн гэрээг /2022.04.29/ байгууллаа. Тус гэрээнд БОАЖ-н Сайд Б. Бат-Эрдэнэ, ДДНХИ-ийн Суурин төлөөлөгч Аннака Питерсон нар гарын үсэг зурав.
Уг төсөл 2022-2024 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ
1.Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нөлөөллийн бууруулахад чиглэсэн төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт тогтвортой дэмжлэг үзүүлэх, УАӨСХАТ-ийн Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллахад шаардлагатай хүний нөөцийн болон санхүүгийн төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх
2. Тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх холбогдох яамд, салбарын байгууллагуудын бодлогыг хэрэгжилтийг сайжруулах, хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох
3.Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, хөтөлбөр боловсруулахад оролцогч талуудын хамтын ажиллагаа, сүлжээг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд дүн шинжилгээ хийх, бодлого, төлөвлөлтийг бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулах чадавхыг бэхжүүлэх. Мөн эмзэг бүлгийн иргэдийн хэрэгцээг тодорхойлох, бодлого боловсруулагч болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон шийдвэр гаргалтыг сайжруулах, бодлого боловсруулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг уур амьсгалын өөрчлөлтөд нийцүүлэх талаар мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
4.СЭХ-ний хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах хувилбаруудыг үнэлэх технологи, бодлого, зохицуулалт, санхүүгийн эрсдэлийг судлах. Зах зээлд өрсөлдөхүйц боломжит салхины эрчим хүчний нөөцийн үнэлгээг хийх, шаардагдах чадавхыг нэмэгдүүлэх
5.Уур амьсгалын санхүүжилтийг татахад өнөөг хүртэл амжилт муутай байгаа ч УАНС-ийн хөрөнгө оруулалтын шалгуурыг хангасан, хөрөнгө оруулалт татах боломжит тэргүүлэх чиглэлийн төслийн санал боловсруулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зэрэг болно.
Төслөөс хүлээгдэж буй үр дүн:
· Уур амьсгалын ногоон сантай (УАНС) харилцах үндэсний эрх бүхий байгууллага нь мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэх тогтолцоо нь тогтвортой, үр дүнтэй ажилладаг болно.
· Холбогдох оролцогч талууд УАНС-ийн санхүүжилт бүхий төсөл, үйл ажиллагааг төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чадавх бүхий тогтолцоо бий болсон байна.
· УАНС-ийн төслийг хүлээн авагч орнууд нь УАНС-ийн бэлэн байдлын төслүүд болон хөрөнгө оруулалтыг удирдан чиглүүлэх Хөтөлбөр (CP)-ийг боловсруулсан байна.
· УАНС-ийн төслийн хүлээн авагч улс нь бодлогын дутагдалтай талуудыг нөхөх стратеги боловсруулж эсвэл сайжруулж, УАНС-аас бага ялгаруулалттай хөрөнгө оруулалтыг дэмжих, хөтөлбөр хэрэгжүүлэх таатай орчин бүрдсэн байна.
· Боловсруулсан, өргөн барьсан чанартай төслийн саналын тоо нэмэгдсэн байна.