ЯрилцлагаОнцлох

Э.Өлзийжаргал: ОБЕГ-т хүн чанартай, хүний мөстэй, тэвчээр зоригтой хүмүүс ажилладаг

Өнөөдрийн ярилцлагын буландаа ОБЕГ-ын анхны эмэгтэй энхийг сахиулагч Э.Өлзийжаргалыг урилаа. Тэрбээр 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэжээ. Э.Өлзийжаргал Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, албаны даргаар ажиллаж байгаа юм.

-Таны хувьд ОБЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон анхны эмэгтэй. Хэдэн онд аль улсад болсон ажиллагаанд оролцож байсан бэ? Манай улсаас хэчнээн алба хаагч үүрэг гүйцэтгэж байв?

-Би 2014-2015 онд Төв Африкийн Өмнөд Судан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн. Манай улсаас нэг жилдээ нэг батальон буюу 850 алба хаагч явдаг байв.

– Үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх үеийн нөхцөл байдал ямар байсан бэ? Анх удаа байлдааны нөхцөлд ажиллаж байв уу?

–Тийм ээ. Анх удаа дайны нөхцөлд ажиллаж байсан. Өмнөд Судан улсын иргэний дайн 2013 онд эхэлсэн бөгөөд иргэний мөргөлдөөн ид өрнөж байхад бид очсон. Эхний дөрвөн сар байнгын дайны нөхцөл байдалтай, цагийн байдал хүнд байсан.

Яг л байлдаантай кинонд орчихсон юм шиг, тасралтгүй 3-4 өдөр байлдаан үргэлжилнэ. Гадаа буудалцаад л, бид гүйсээр нэг минутад амжиж хорогдох байранд орох ёстой. Нэг өдөр намайг жижүүр эмчээр ажиллаж байхад яаралтай улаан зэрэг зарлаад хүмүүс хоргодох байр руу гүйчихсэн. Гэтэл эмчилгээ хийгээд үлдсэн би хоёр сувилагч, нэг өвчтөнтэй дөрвүүлээ хоргодох байранд орж амжилгүй эмнэлэг дотроо үлдэж байсан.

Эмнэлгийн байр сэндвич учраас ямар нэг хамгаалалт байхгүй сум хана нэвтэлнэ, цонхны доор зогсоолд байсан машиныг ирж онох дуу тас няс гээд л хаа сайгүй буудалцана. Тэр үед байдлыг гартаа аваад хамгийн түрүүнд “хэвтээд” гэсэн команд өгсөн. Эмнэлгээс гараад хоргодох байр руу гүйж байхад хажууханд агаар дээр сум дэлбэрээд яг л байлдаантай кино шиг нөхцөл байдалтай байсан.

-Тийм шүү. Бид кинон дээрээс харж байснаас өөрөөр мэдэхгүй. Энхийг сахиулах ажиллагаанд явах саналыг та өөрөө гаргаж байсан уу? Гэр бүлийнхэн нь юу гэж хүлээж авч байв?

–Анх 2013 онд энхийг сахиулах ажиллагаанд явах саналаа гаргаж байсан. Гэр бүлийнхэн маань эхлээд гайхаж хүлээж авсан. Яагаад заавал дайн болж байгаа бүс рүү явах гээд байгаа юм? гэж байсан. Би өөрөө явахыг хүсч байсан болохоор явмаар байгаагаа хэлэхэд ойлгож хүлээж авсан. Дарга нар маань, ар гэр маань намайг сайн дэмжсэн.

Үүрэг гүйцэтгэж байх үед сэтгэлийн зовиургүйгээр арыг минь бат дааж байсан гэр бүлийнхэн минь байсан учраас би тэнд тайван үүрэг гүйцэтгэж байсан.

-Ээж хүний үүргийг, албан хаагчийн үүргээ хэрхэн зохицуулдаг вэ? таны хувьд.

– Монгол эмэгтэйчүүд сайн ээж, сайн хань байхын зэрэгцээ ажлаа алдахгүй авч явах сорилттой нүүр тулдаг. Миний хувьд ч тэр ажил, амьдралаа аль алийг нь зохицуулж авч явж байна. Нөхөр маань мөн цэргийн албан хаагч учир хамтдаа гэр бүлийнхээ төлөө, эх орныхоо төлөө үүргээ гүйцэтгэж байна.

-Таны энгэр дээрх хоёр медаль ямар учиртай вэ? Нэг нь “энхийн төлөө” гэсэн бичигтэй харагдаж байна.

–НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд ажиллахад зургаан сар нь нэг жилтэй тэнцдэг. Энэ бол НҮБ-ын медаль. Миний хувьд нэг жил үүрэг гүйцэтгэсэн тул хоёр жилээр тооцогддог гэсэн үг. Энэ тэмдэг дээрх тоо үүрэг гүйцэтгэсэн жилийг илтгэж байгаа. Харин нөгөөх нь “Энхийн төлөө” та үүрэг гүйцэтгэсэн гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон нэр хүндтэй медаль байгаа юм.

– Хэрэв явах боломж гарвал ахин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох уу?

-Боломж нь олдвол явахыг хүсдэг. Харин ар гэрийн байдлаа нөхөртэйгөө сайн зөвлөлдөж байж шийдэх хэрэгтэй. Бид бага насны хоёр хүүхэдтэй. Магадгүй хүүхдүүдээ том болсны дараа явахад оройтохгүй байх.

– ОБЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон гурван эмэгтэй байдаг гэсэн. Манай улсаас өнгөрсөн 20 жилд хэчнээн бие бүрэлдэхүүн явж байсан юм бол?

– Манай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жил ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд манай ОБЕГ-аас гурван эмэгтэй үүрэг гүйцэтгэж байсан. Анхны эмэгтэй нь би болж, үүний дараа холбоочин, ахлагч эмэгтэйчүүд маань явсан.

– Та Онцгой байдлын албыг өөрийнхөөрөө тодорхойлбол юу гэж хэлэх вэ?

– Онцгой байдлын алба маань үнэхээр бахархалтай сайхан алба. Бид энх цагт ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байна. Энд хүн чанартай, хүний мөстэй, тэвчээр зоригтой хүмүүс ажилладаг гэж боддог юм. Тиймдээ ч албаараа маш их бахархдаг.

– Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Т.Мөнхжаргал

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version