Батлан хамгаалах яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран зохион байгуулж буй Үндэсний аюулгүй байдал, орон нутгийн хамгаалалтыг хангах чиглэлээр онолын мэдлэг, дадлага, ур чадвар олгох “Цэргийн бэлтгэл сургалт” өнөөдөр эхэллээ.
“Цэргийн бэлтгэл сургалт”-ын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн, сургалтын үйл явцад амжилт хүсэж үг хэлсэн юм. Мөн нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, СБТГын дарга хурандаа Ч.Гандирваа, Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтын үеэр Иргэдийн хурлын төлөөлөгчид маань Бүх цэргийн их хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байрлаж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, аюулгүй байдлыг хангахад Төрийн цэргийн байгууллагын оролцоо, Монгол Улсын гадаад бодлого, Батлан хамгаалах бодлогын үндэс, Улсын дайчилгааны тухай ойлголт, орон нутгийн хамгаалалт, төрийн болон албаны тухай хууль, хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлын тухай болон гамшиг ослын үеийн шуурхайн удирдлага, зохион байгуулалт зэрэг сэдвийн хүрээнд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтнүүдийн сургалтыг сонсоно. Мөн цэргийн бэлтгэл, дадлага сургалтад хамрагдахаас гадна Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн гардан тулааны үзүүлэх тоглолт, ЦДБЭЧын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг үзэж сонирхоно.