Байгаль орчинОнцлох

Говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх тавдугаар сард Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин зүүн аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх ба хур тунадас дунджаас бага байх төлөвтэй. Сарын хоёрдугаар арав хоногийн туршид ихэнх нутгаар сэрүүсэх бөгөөд нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Мөн дурдсан үеүдэд салхины хурд ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увсын баруун, Ховдын ихэнх, Говь-Алтайн төв хэсэг болон Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим , хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим  байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар дулаарна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоног болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд буюу сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн, Дорнодын нутаг болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн ихэнх, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар дулаарна. Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар дулаарна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр салхи ширүүсч 14-16 м/с хүрэх буюу зарим үед 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Эх сурвалж: ЦУОШГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version