УИХЗасгийн газарОнцлох

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.04.22) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. 

    Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар тус тус танилцуулсан.

    Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан гэдгийг Монгол Улсын Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

    Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

   Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого, зарлага өөрчлөлтийг хэрхэн тооцсон талаар асуулт асууж, хариулт авсан болно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулгадаа дурдав.

   Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Чинзориг, Ц.Туваан, Д.Ганбат, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

    Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд тусгагдсан тодорхой шаардлагуудыг хангасан эсэх, төсвийн орлого, зарлагыг хэр  бодитой төлөвлөснийг лавлахын зэрэгцээ экспорт, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулсан.

    2022 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувиар тооцож төсвийг баталсан ч хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад өөрчлөгдөж байна. ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтүүдээ бууруулж эхэлсэн. Бидний хувьд ч эдийн засгийн өсөлтөө 2,6 хувь гэж тооцсон байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа тодотгоод энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 97 хувийн биелэлттэй явж байгаа ч БНХАУ-ын ковидын нөхцөл байдлын улмаас экспортод хүндрэл үүсэж байна. Өнөөдрийн байдлаар Гашуун сухайт, Булган зэрэг хилийн гол боомтуудаар 500 гаруй нүүрсний машин гарч байна. Энэ сардаа багтаад Шивээ-Овоо боомтоо нээх зэргээр экспортоо нэмэгдүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтвортой, бидний төсөөлж байснаас өндөр байгаа тул төсвийн орлогод эерэгээр нөлөөлж байна гэв. Мөн тэрбээр, энэ жил хоёр удаа батлагдсан төсвөө тодотгож байгааг дурдаад энэ хүрээнд нийт 1.2 их наяд төгрөгөөр зардлаа бууруулсан  хэмээлээ.

    Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19-д урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гээд 19.1.2-т “гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх” гэж заасан  байдаг. Энэхүү нөхцөл хангагдсан хэмээн хариулж байлаа. 

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version