Уул уурхай

Өдөрт 1000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэж байна

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үндсэн үйл ажиллагааны нэг нь баяжмалын уут үйлдвэрлэл бөгөөд дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас материалын хомстлын шалтгаанаас тодорхой хугацаагаар сул зогссон бол  энэ сарын нэгнээс үйлдвэрлэл хэвийн ажиллаж эхэлжээ.

Үйлдвэрийн баяжмал ачилт нэмэгдсэнтэй холбоотойгоор баяжмалын уутны нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон тул өдөрт үйлдвэрлэдэг хэмжээг нэмэгдүүлж, 1000 хүртэл ширхгээр үйлдвэрлэж байна. Ингэхдээ дотооддоо хөдөлмөр зохион байгуулалт хийж, ажилчдын ачааллыг тэгш хуваарилах, амралтын өдрүүдэд ээлжээр ажиллуулах, ажлын өдрийн цагийг уртасгах зэргээр зохицуулалт хийсэн байна.

Тухайлбал, сарын эхний 7 хоногт уртасгасан цагаар бямба гаригт ажиллаж, энэ хугацаанд 4700 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэн, нийлүүлжээ.  Өмнө нь тус цех өдөрт 600-700 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 800-1000 ширхэг уут гаргаж буй аж.

“Ачааллын улмаас ажилтнуудын эрүүл мэнд, тэр тусмаа гар хуруу гэмтэх тохиолдлууд гарч байгаа тул эмчийн зөвлөгөө өгөх, ажил амралтыг зохицуулах зэрэг арга хэмжээ авч байгаа. Одоогийн байдлаар, үйлдвэрийн өдрийн хэрэгцээг бүрэн хангаад, дээр нь нэг хоногийн нөөцтэй болсон.

Цаашид нэг сарын хугацаанд уртасгасан цагийн горимоор ажиллаж, 3-4 хоногийн нөөц бүрдүүлэхээр зорьж байна. Тус цехийн баяжмалын уутны хэсэгт 50 орчим хүн ажилладаг. Баяжмалын уутны материалыг хоёр газраас авч байгаа тул ойрын хугацаанд материалын нөөц хангалттай” гэж цехийн Үйлдвэрлэл, технологийн тэргүүлэх мэргэжилтэн М.Олонжаргал онцлов. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version