Уул уурхайFocus

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Ц.Бат-Энх түр удирдана

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн Б/554 тоот тушаалаар “Эрдэнэт медикал” төрийн өмчит, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн удирдлагыг томилогдох хүртэл хугацаанд Гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэх үүргийг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхэд хариуцуулахаар шийдвэрлэв.

Тус эмнэлгийн дүрмийг боловсруулж, Эрүүл мэндийн яамаар батлуулах, төрийн өмчит, төрөлжсөн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаар гаргуулах, “Эрдэнэт медикал”-ын гүйцэтгэх удирдлага томилогдох хүртэл хугацаанд хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн жигд явуулж, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Мөн “Эрдэнэт Медикал” эмнэлгийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан тохиолдолд санхүү, хүний нөөц, техник, технологи, тоног төхөөрөмжийн болон хөдөлмөр зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг Ерөнхий захиралтай зөвшилцөн хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.  

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх өнөөдөр “Эрдэнэт Медикал” эмнэлгийн тасгийн эрхлэгч, албадын дарга нартай уулзаж хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн жигд явуулахад тулгамдаж буй нэн түрүүнд шийдэх асуудлын талаар ярилцлаа.

Тасгийн эрхлэгч нар эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг сэргээх, тоног төхөөрөмжийн шинэчлэл, санхүүжилт хийх, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version