Орон нутагНийтлэлTravelШинэ мэдээ

Notes дээрх аяллын тэмдэглэл

Гадаад паспортын маань сүүлийн штамб 2020 оны 1 дүгээр сарын 3. Түүнээс хойш 2 жил 3 сарын турш шүүгээнд мартагдаж орхиод, тоосонд дарагдсан паспортдоо салхи оруулах боломж тохиолоо. “Зуут” трэйвэлийн Туркийн Анталья, Памукалле зүг аялах завшаан олдсон нь санаанд ч оромгүй гэнэтийн явдал болж, маргааш өглөө нь Аэро Монголиа-гийн онгоцоор Анталья нисэхээр болов.

Үүрийн таван жингээр Хөшгийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудалд ирлээ. Хоёр ч олон улсын нислэг таараад айрпорт хөл хөдөлгөөн ихтэй. Хамгийн сүүлд хэзээ ийм олон хүн айрпорт дээр бужигнаж байхыг харлаа даа. 2020 оны 1 дүгээр сард Бээжингийн Дашин нисэх онгоцны буудлаас Эрээн хүрэх нислэгээс хойш онгоцонд суугаагүй бүр төсөөрчихсөн ч юм уу, анх удаа нисэх гэж байгаа мэт л догдлов.

Хөшгийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлаас анх удаа хилийн дээс алхаж, ковидоос болж хэсэг хугацаанд “хасуулсан” гадаад аялах эрх чөлөөгөө эдлэв. Турк орон миний хувьд очиж үзээгүй газар, нээж хараагүй ертөнц байлаа. БНТУ-ын нийт нутаг дэвсгэрийн 97% Ази, 3% нь Европ тивд оршдог ч олон улсын интеграци болон бүсийн түвшинд Европын оронд тооцогддог улсад аялана гэхээс юм бүхэн шинэхэн, соньхон санагдана.

Хоёр тив дамнан төвхнөсөн тус улс дэлхийн Их 20 гүрний нэг, манай улстай найрсаг дотно харилцаатай орон. Визийн шаардлагагүй, ковидын дараа хилээ эрт нээсэн орнуудын нэг учраас Монголчууд тус орныг зорих нь ихэсчээ. Аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, худалдаа наймаа гээд Туркийг зорих шалтгаан ч олон болж.

Анталья дахь анхны өдөр: Нислэг 10 цаг гаруй үргэлжилсний эцэст Алтан жүржийн нутаг Антальяд газардлаа. Жүрж жимс жилд 20 сая гаруй жуулчин хүлээн авдаг энэ хотын билгэдэл аж. Хотын дундуур ч үр жимс нь боловсорсон жүржийн мод энд тэндгүй харагдана. Эдгээр өдрүүдэд Антальяд зуны дулаан уур амьсгал орж эхэлжээ.

Харин өнгөрсөн өвлийн хувьд 29 жилийн дараа цас орсон нь ердөө 7-8 минут үргэлжилсэн гэнэ. Өвөлдөө 2-5 хэм байдаг хот 26 орчим хэмийн халуун цаг агаартай биднийг угтлаа. Зундаа хэт халах тохиолдол байдаг учир өдийд аялах нь хамгийн тохиромжтой байдаг гэж хөтөч маань хэлэв. Бас муслим шашинтнуудын рамадан сар эхэлсэн учраас дэлгүүр хоршоо ч баярын хямдралтай байгаа гэнэ.

Зам зуур турк хоолны газарт тухалж өдрийн хоолоо идчихээд аяллын анхны цэг Дюден хүрхрээ рүү хөдлөв. Газар дундын тэнгисийн хамгийн том тус хүрхрээ д.т.дээш 40 метрийн өндрөөс урсана. Энд ирсэн жуулчдын заавал үзэх ёстой үзэсгэлэнт газрын нэг.

Анталья хот 670 орчим зочид буудалтайгаас 480 нь таван одтой тансаг зэрэглэлийн буудал аж. Аяллын багийнхан маань ч таван одтой Harrington Park-д буудаллав. Далай эрэг рүү харсан цонхтой тохитой өрөөнд байрлаж, оройдоо далайн эргээр жаахан зугаалж орчинтойгоо танилцсанаар эхний өдөр энэ хүрээд өндөрлөлөө. Анталья бол Туркийн хамгийн үзэсгэлэнтэй бүс бөгөөд Газар дундын тэнгисийн эрэгт оршдог, олон уулсаар хүрээлэгдсэн хот юм.

Антальягаас Памукалле хүрэх зам: Памукалле нь Хөвөн цайз гэсэн утгатай үг бөгөөд хараа булаам, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар учраас жуулчдын зорин үзэх, зочлон саатах газруудын нэг. Памукалле нь Туркийн Денизли хотод оршдог, 1 сая 600 мянга гаруй хүн амтай хөвөнгийн тариалан, түүнийгээ дагаад даавуу, даавуун эдлэлийн үйлдвэрлэл хөгжсөн хот аж.

Антальягаас Памукалле хүртэл 250 гаруй километр, зам зуурт усан үзэм, анар жимс зэрэг төрөл бүрийн жимсний талбай энд тэндгүй таарна. Мөн макки хэмээх цэцэг тариалдаг нь өвчин намдаах тосонд өргөн хэрэглэгддэг, энэхүү тосыг ч жуулчид сонирхож ихээр авдаг байна. Денизли нь хөвөнгийн эх орон гэж хэлж болохоор хот учраас эндээс жуулчид ихэвчлэн ор хөнжлийн даавуу, алчуур зэргийг худалдан авах нь элбэг.

Денизли хотод байх бас нэгэн дурсгалт газар бол Юнэскогийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хераполис хот.

Эртний түүхт Херополис хотоор: Денизли хотод байх бас нэгэн дурсгалт газар бол Юнескогийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хераполис хот. Эртний Грек, Ромын эзэнт гүрэнд очсон мэт сэтгэгдэл төрүүлэм тус хотод эртний театр, булш бунхнууд, уран барилгуудын туурь, Клеопатра хатанд зориулж барьсан халуун рашаан бий.

Памуккале яг л үлгэрийн оронд очсон мэт гүн сэтгэгдэл төрүүлэм өвөрмөц сонин байгалийн тогтоцтой чулуужсан цохио бүхий 2700 метр үргэлжлэх, 600 метрийн өргөнтэй, 160 метр өндөр цасан цагаан цайз юм. Эргэн тойрон хун цагаан, үүлэн дунд нисч буй мэт, шинэхэн орсон цасан дунд зогсож байгаа мэт сэтгэл догдлуулам мэдрэмж төрж билээ. Надад энэ аяллын маршрутын хамгийн гоё байгалийн үзэмжтэй газар санагдсан.

Агаарын бөмбөлгөөр нисэв: Турк улсыг зорин ирсэн жуулчдын заавал хийж үзэх ёстой зүйлийн нэг нь агаарын бөмбөлгөөр зугаалах. Халуун агаарын бөмбөлгөнд суугаад Денизли хотыг алган дээрээ тавьсан мэт тольдож, шинэ өдрийн нарыг тэнгэрт угтана. Хөтөлбөрт багтаагүй учир 170 ам.доллар төлсөн. Энгийн үед өндрөөс айх мэдрэмж төрдөг ч агаарын бөмбөлөг алгуурхан хөөрдөг учраас айх мэдрэмж огт төрөөгүй. Харин ч уул тал дүүрэн хараа бэлчээж, памукаллег дээрээс нь харж, байгалийн сайхныг бахдав.

Олон жижиг агаарын бөмбөлөг ашиглан байшинтайгаа нисдэг UP хүүхэлдэйн кино санаанд орсон. Агаарт 1 цаг гаруйн турш хөөрсний дараа буцаж газардах нь хамгийн экстрим, сэтгэл хөдөлгөсөн хэсэг байсан. “Газар” поз авахад бүгд баруун гар тал руугаа хараад, хагас сууж, агаарын бөмбөгнийхөө хайрцгаас сайн барих ёстой.

Бид нэг удаа бүтэлгүйтээд буцаж дээшээ хэсэг хөөрч, хоёр дахь оролдлогоороо амжилттай газардлаа. Агаарын бөмбөлгийн доор бэхэлсэн сүлжмэл том хайрцагныхаа хэмжээгээр 2-16 хүртэл хүн нэг дор сууж хөөрөх боломжтой. Амжилттай газардсаны дараа бидэнд зориулан оргилуун дарс буудуулж, бөмбөлгөөр ниссэнийг батлах батламжийг дурсгал болгон хадгалуулсан.

Shopping: Антальяд бид Анталья молл орсон. Мөн аяллынхаа хугацаанд нэхий, арьс, үслэг эдлэлийн, үнэт эдлэл, чулууны, даавуу гэр ахуйн, дарсны зэрэг төрөлжсөн дэлгүүр, худалдааны төвүүдээр зочлов. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулуу нь байгалийн болон орчны гэрлээс шалтгаалан өнгөө хувиргадаг шидтэй. Чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийг хүмүүс ихэд сонирхон худалдан авдаг байна.

Хувцасны хувьд гадны гэхээсээ илүүтэйгээр Туркийн өөрсдийнх нь брэндийн хувцасны дэлгүүрүүд эдэлгээ сайтай, үнэ боломжийн байдаг гэж хөтөч маань санал болгож байсан. Энд туркийн лира, америк доллар, еврогийн аль алинаар нь худалдан авалт хийх боломжтой. Ихэнх дэлгүүр нь карт уншигчтай бөгөөд АТМ-ээс валют болгож авснаас картаар төлбөр тооцоогоо хийсэн нь илүү хялбар бас ашигтай санагдсан. Ер нь юмны үнэ манайхтай харьцуулбал боломжийн, ялангуяа тээвэр логистик, валютын ханшны өсөлтөөс үүдэн бүх юмны үнэ нэмэгдэж байгаа болохоор туркэд арай хямд байна уу даа гэж бодсон. Мөн найрсаг харилцаатай хүмүүс санагдсан.

Турк улс цайгаараа алдартай, дэлгүүр зочилсон үйлчлүүлэгчдээ ч жимс, навчны амттай амтат цайгаараа дайлж, худалдан авахыг санал болгоно. Би ч хүртэл хэд хэдэн янзын цай худалдаж авсан. Бэлэг дурсгалын хувьд магнетууд 1 ам.доллар юм уу 1 евро. Энэ 13-15 лира. Ихэнх газрууд нь 5 ширхэгийг худалдаж авбал нэгийг бэлэг болгож өгдөг юм билээ. Мөн гар урлалын сувинерууд, турк цайны аяга гээд сонголт олон.

Төгсгөлд нь тэмдэглэхэд: Анталья хотын хувьд далайн эргийн хот учраас эргээ даган сунаж тогтсон, хот төлөвлөлт гэвэл орон сууцны хорооллууд нь тав, зургаан давхар орчим, өндөр өндөр барилгууд барагтай тааралдахгүй. Байрнуудын дээрх нарны ялтсан халаалтаар халуун усаа шийдсэн, зундаа хэт халдаг учир бүх цонхнууд нь давхар хаалтуудтай, мөн цэлгэр тагттай харагдана.

Газар дундын тэнгисийн хамгийн Дюден тус хүрхрээ д.т.дээш 40 метрийн өндрөөс урсана. Энд ирсэн жуулчдын заавал үзэх ёстой үзэсгэлэнт газрын нэг.

Автомашины татвар маш өндөр учраас хүн бүр автомашинтай болох боломжгүй хэдий ч нийтийн тээврээ сайн шийдсэн гэнэ. Мөн хөтчийн хэлж буйгаар бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд нь шинэхэн тохитой барилгатай. Энэ нь тус хотын захирагч барилгын компаниуд дангаараа болон нийлж нэгдэж нийгмийн хариуцлагын хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж ашиглалтад оруулбал татвараас төдий хэмжээгээр хэд хэдэн жилээр чөлөөлөх шийдвэр гаргасантай холбоотой гэв.

Үүнийг монголд хэрэгжүүлбэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж сайжирна даа хэмээн бодон бодон явав. Аялал жуулчлалын бүс учраас өндөр, тансаг зэрэглэлийн зочид буудал ихтэйг өмнө дурдсанчлан жуулчдыг аль болох тохитой байлгахыг зорьсон үйлчилгээнүүдтэй. Ямар ч жуулчин ирсэн сэтгэл хангалуун буцаахыг эрмэлзэж буй нь илт мэдрэгдэнэ.

Бидний сүүлд буудалласан Кемер аймгийн Лемак Лимра зочид буудал гэхэд соёл урлагийн үзүүлбэр, тоглолт, нум сумаар харвуулах, хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөр (сургалт, хөгжөөнт тоглоом) гээд үнэ төлбөргүй олон арга хэмжээнүүдийг багтаасан нь сонирхолтой байлаа.

… Турк Газар дундын, Эгийн болон Хар тэнгисээр хүрээлүүлсэн, эх газраар Иран, Ирак, Сири, Грек, Болгар, Гүрж, Армени, Азарбайжан улсуудтай хаяа залган оршдог. Манай улс далайд гарцгүй орны хувьд бидэнд тэнгис далай үзнэ гэдэг мөрөөдөл мэт яригдсаар ирсэн, чухамдаа эх газар далай тэнгист тулж очсон нутаг хязгаарт Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт эрхшээж байсан түүхтэй. …

Шар тэнгисийн хөвөөгөөр 3 жилийн өмнө алхалснаас хойш газар дундын тэнгисийн давлагаалах чимээг сонсон, намуун салхинд илбүүлэн саатсан маань амьдралд минь мартагдахааргүй аяллын дурсамж үлдээлээ. Ахиад хэзээ аль тэнгис далайн эрэгт ийн мэдрэмжийг аваад хязгаар нь харагдахгүй алс руу хараа чилээж зогсох бол…

Аялал тайвшрал, эрх чөлөө, эрч хүч, шинэ хүсэл, шинэхэн тэмүүллийг өгдөг.

М.Дэлгэржаргал

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version