Жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалагчдын улсын зөвлөгөөн эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулган хоёр дахь өдрөө төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөр үргэлжилж байна.
Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид ээ.
Хатагтай, ноёд оо.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүн болох улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, болон бусад хүнсний ашигт таримлуудын тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IY аян – Эх орны эрүүл хүнс” уриатайгаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Жимс жимсгэнэ нь хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, байгаль экологийн өндөр ач холбогдолтой таримал ургамал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч ирсэн.
Тухайлбал, 2010-2016 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж чацарганын тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг орон даяар өрнүүлж хөтөлбөрийн хүрээнд 2.5 сая ширхэг чацарганы суулгацыг жимс жимсгэний тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгосны зэрэгцээ, суулгац үржүүлэг, судалгаа шинжилгээ, боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж ирсэн.
Түүнчлэн 2017 онд “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын 223-р тогтоолоор батлуулан 5 дахь жилдээ хэрэгжүүлж чацарганын өртгийн сүлжээг хөгжүүлэх, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлэх, суулгац үржүүлгийн газруудыг байгуулах, жимс жимсгэнийн таримлуудыг турших нутагшуулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэргээр салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.
2021оны байдлаар манай улсад 338 аж ахуйн нэгж, 2511 иргэн жимс жимсгэнийн тариалан эрхэлж жимст цэцэрлэгийн талбай 6686 га –д хүрч, хураан авсан жимсний ургац түүхэндээ анх удаа 3760 тонн болсон сайн мэдээтэй байна. Энэ нь 2009 оноос жимс жимсгэнийн талбай 4.4 дахин, хураан авсан ургац 9.8дахин нэмэгдсэн үр дүн гарсан байна.
Гэвч хураасан ургац нь физиологийн нормоор тооцоход хүн амын жилийн хэрэгцээний 2.0 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж жил бүр 20.0-24.0 мянган тонн жимс импортоор авч байна.
Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл 3-аас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологи шаарддаг тул төр засгийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулж ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд Тэрбум мод хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулагаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус яамнаас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэх үүний тулд 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах, 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, 330 сум, 22 аймаг, нийслэлдагро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөж байна.Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид та бүхний үүрэг, оролцоо нэн чухал байх нь гарцаагүй бөгөөд яамны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэгүзүүлж ажиллах болно.
Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Энэхүү журамд жимс жимсгэнийн талбайд хянан баталгаа хийх, жимс жимсгэнийн суулгац үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг тусган ажиллаж байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, жимс, жимсгэнэ тариалагчдад 100.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлээд байна. Жимс жимсгэнэ тариалагчид жимс тариалсан га тутамд 10 сая төгрөгийн зээл авах боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.
Жимс жимсгэнийн хувьд чацаргана, үхэр нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэж байгаа боловч алим, чавга, интоор зэрэг Монгол улсад тариалах боломжтой бага тархацтай бусад жимс жимсгэнийн суулгацын 95 гаруй хувийг импортоор авч байна. Иймд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлнэ.
Европын холбооны дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Увсын чацаргана”-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн”-ээр баталгаажуулж гэрчилгээ олгов. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдээд байна.
Цаашид тус яамнаас Монгол чацарганын давуу тал, боломж нөхцөлөө ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйхөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, үнэ цэнэ бий болгон Дэлхийн зах зээлд тогтвортой гаргаж экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа!