Хүний нөөцийн стандартын хэрэгжилтэд аудит хийлгэв
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд Олон Улсын стандарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр стандартын нэг нь Хүний нөөцийн менежментийн Олон Улсын ISO 30400 багц стандарт юм. Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт төдийгүй төрийн байгууллагаас анх удаа Хүний нөөцийн менежментийн Олон Улсын стандарт хэрэгжүүлсэн байгууллагаар тодорч байсан. Тэгвэл хүний нөөцийн стандартын хэрэгжилтэд Олон Улсын болон дотоодын аудиторуудын холимог багаар аудит хийлгэсэн анхны байгууллага болов.
Мөн үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын санаачилгаар Олон Улсын ISO стандарт нэвтрүүлэх ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэгжиж байгаа тус ажлын хүрээнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар Хүний нөөцийн менежментийн Олон Улсын ISO 30400 багц стандартыг энэ онд баталгаажуулалт хийлгэх зорилго тавьжээ.
Ингэхдээ хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхэд ямар үл тохирол, зөрүү, сайжруулалт байгааг гаргаж ирэх үүднээс “Глобал талент менежмент” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм. Хүний нөөцийн менежментийн цогц үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага нь Эрдэнэт үйлдвэрт хөндлөнгийн аудит хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах аудитын ажилд 13 дотоод аудитор хамтран ажиллажээ. Цаашид Эрдэнэт үйлдвэр Монгол Улсад төдийгүй Олон Улсад стандартын аудит хийх эрх бүхий аудиторуудыг бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.
Аливаа байгууллага чадварлаг ажиллах боловсон хүчингүйгээр хөгжлийн хэтийн ирээдүйн зорилгодоо хүрэх боломжгүй юм. Иймд хүний нөөцийн бодлогыг олон улсын стандартын түвшинд хэрэгжүүлж үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт хийж, ирээдүйн Үйлдвэр технологийн паркийн хүрээнд явагдах 22 төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.