TravelFocus

Хоол үйлдвэрлэлийнхэн шинэ хуульд тусгах саналаа дэвшүүлэв

“Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд өнөөдөр /2022.03.25/ “Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч” сэдэвт 7 дахь удаагийн хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын Гастроном аялал жуулчлалын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр оролцогчдын зүгээс өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аялал жуулчлалын тухай хууль нь аялал жуулчлалын салбарын хоол үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чаддаггүй. Учир нь салбарын хөгжил нь хуулийн зохицуулалтаасаа аль хэдийнэ түрүүлсэн тул доорх асуудлыг нарийвчлан тусгах саналтай байна гэв.

Үүнд:

-Нэн тэргүүнд өндөр ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх. Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн зөрүүг арилгаж, нэгдсэн стандартад оруулах, ялангуяа практик сургалтыг нэмэгдүүлэх,

-Сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийг хойшлуулах буюу аялал жуулчлалын чиглэлээр их дээд сургууль, МСҮТ-д суралцаж буй оюутнуудын хичээлийг 10 дугаар сарын нэгнээс эхлүүлдэг болох,

-Ресторан, зоогийн газруудад НӨАТ ногдуулж буй асуудлыг эргэн харах, мөн бэлтгэн нийлүүлэгчид тэр дундаа махны худалдаанаас НӨАТ-ын баримт авч чадахгүй байгааг зохицуулалтаар хангах

-Жуулчны бааз дахь тогооч нар улирлын чанартай ажилладаг тул НДШ-ээс хөнгөлөх эсвэл оновчтой зохицуулалтыг тусгах

-Тогооч зөөгчдийг үнэмлэхжүүлэх замаар ажлын байрны баталгааг бий болгох

-Шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туссан илүү цагийн мөнгө олгох асуудлыг салбарын хэмжээнд зохицуулалт хийх

-Зарим нэр томъёог нарийвчлах замаар ажилтан ажиллагсадын ажил мэргэжил, ажлын байрны ялгаа, эрх үүргийг тодотгохТөр хувийн хэвшлийн уялдааг холбоог сайжруулах

-Төрийн дарамт шахалт, олон төрлийн хяналт шалгалтын тоог бууруулах зэрэг асуудлын хуулийн төсөлд оруулах саналтай байгаагаа хэллээ.

Мөн үеэр жуулчны бааз, ресторан, зоогийн газруудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндөж ярилцав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version