Гадаад харилцааБоловсролОнцлох

25 дугаар Тусгай сургууль физик эмчилгээний өрөөтэй боллоо

Хэл яриа, оюун ухаан болон бие бялдрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 25 дугаар Тусгай сургууль физик эмчилгээний өрөөтэй боллоо. Тодруулбал, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански тэргүүтэй эрхмүүд /2022.03.23/ 25-р тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тэдний өгсөн хандивийн мөнгөөр хийсэн ажилтай танилцсан юм.

Энэ үеэр 25 дугаар Тусгай сургуулийн захирал Ц.Гэрэлмаа хэлэхдээ “Манай сургууль 1967 онд ашиглалтад орсон. Манай сургуульд 200 гаруй хүүхэд суралцдаг. Эмчилгээний биеийн тамир, хэл заслын өрөөтэй ч анги танхимын хүртээмж муутайгаас суралцагч хүүхдүүддээ зориулсан эмчлэн сувилах, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх боломжгүй байсан. Та бүхний хандивласан мөнгийг физик эмчилгээний өрөөтэй болоход зориуллаа. Тархины  саажилттай, гар хөлийн булчин нь ажилладаггүй, тэргэнцэртэй, дауны хам шинжтэй хүүхдүүдэд физик эмчилгээ хийх маш чухал. Хаварт манай хүүхдүдийн дархлаа их унадаг. Амархан ядарч сульддаг тул физик эмчилгээ хийснээр хүүхдийн биеийн дархлааг хурдан сэргээх боломж бүрдэнэ. Бид физик эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг жил бүр нэмж авахуулдаг байсан ч тусгайлсан өрөөгүй учраас ашиглаж чаддаггүй байлаа. Одоо ашиглаж эхлээд 7 хонож байна. Эмч маань ч ачаалал ихэслээ гэж байна. Та бүхэнд маш их талархаж байна. Бидний хамтын ажиллагааны цаашид улам өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Учир нь манай сургуулийн анхны захирал Р.Мижиддорж маань Унгарт төгссөн анхны согог зүйч хүн. 20 жил захиралаар ажиллахдаа энэ сургуулийн үйл ажиллагаанд анхаарч ирсэн. Тиймээс анхны захирлаараа бид бахархдаг учраас НИТХ-д хандан түүний нэрэмжит сургууль болохоор зорьж байна. Нөгөө талаар Тусгай сургуулийн багш нарыг 3 жилийн өмнөөс Монголдоо бэлдээд эхэлсэн нь сайхан ч цаашид нэмж бэлдэх шаардлагатай. Учир нь манай  сургууль дээр харааны болон сонсголын бэрхшээлтэйгээс бусад бүх хүүхдийг авдаг. Дэлхий нийтээр боловсролд тэгш хамрагдах боломжоор хангах гэдэгт анхаардаг болсон. Энэ хүрээн Ерөнхий боловролын сургуульд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд суралцах болсон тул тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгох багшийн хэрэгцээ маш их байгаа. Унгарт тусгай хэрэгцээт багшийг маш сайн бэлтгэдэг, жишиг болсон сургалт явуулдаг гэдэг утгаар та билний хамтын ажиллагаа илүү өргөжин тэлнэ гэж итгэж байна” гэлээ.

Элчин сайд Борбала Анна Обрушански “Та бүхэнд бага ч гэсэн тусламж  үзүүлсэндээ баяртай байна. Цаашдаа ч хамтран ажиллахад бэлэн байна. Ялангуяа тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахад анхаарах болно. Унгар Улсад тусгай хэрэгцээтэй хүүхдийн боловсролд их анхаардаг. Багш нарыг ч маш сайн бэлтгэдэг. 25 дугаар Тусгай сургуулийн анхны багш анхны захирал Унгарт сургууль төгсөж байсан. Түүний хүү нь ч мөн адил Унгарт сургууль төгссөн. Түүнтэй уулзаж, Унгарт төгссөн Монголчуудын холбооны шугамаар уулзаж ярилцаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, багш нарыг дэмжиж юу хийж болох талаар санал солилцсон. Унгарт төгссөн Монголчуудын холбоотойгоо хамтран хандивын арга хэмжээ зохион байгуулж, тэндээс цуглуулсан мөнгөөрөө  энэ ажлыг хийхэд дэмжин тусалсан. Энэ бол бидний эхний шатны хамтын ажиллагаа. Цаашдаа багш нарыг урт богино хугацаагаар Унгарт сургахаар төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль хэрэгтэй, тэнд ажиллах багш нар мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй. Манай улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд нээлттэй байгаа. Гэхдээ тухайн жилдээ 200 гаруй суралцагчийг сонгохдоо ямар чиглэлээр сургах талаараа манай улсын Засгийн газраас шийдвэрлэдэг ч тусгай хэрэгцээт боловсрол олгоход чиглэсэн урт болон богино хугацааны сургалт, тэтгэлэгийн асуудлыг шийдэж болно. Суралцагч Унгарт хэлний бэлтгэлд нэг жил суралцаад дараа нь үндсэн сургалтаа авч болно, англи хэлээр шууд суралцаж болно. Монголдоо хэл сурах боломжтой. МУИС дээр унгар хэлний анги нээгдэж байгаа. Тэнд хэлний бэлтгэлд сууж болно. Мэдээж Унгарын Засгийн газрын зүгээс санал болгосон тэтгэлэгт хөтөлбөрийг унгар хэл дээр  суралцаж, төгсөөд ирвэл их таатай байх болно” гэв.

1 / 7

 П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version