Тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна
Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” сэдэвт семинарыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагааг нээж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, Олон улсын тээврийн форумын нарийн бичгийн даргын ажлын албаны дарга Яри Кауппила нар үг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Монгол Улсын хувьд Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөөд байгаа. Тэр дундаа тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 35 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хийн, цахилгаан, хосолмол гэх мэт байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, Евро-5 стандартын шатахуунд бүрэн шилжих, нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаанаас харахад иргэд түгжрэлд нэг өдөрт 2.5 цаг, нэг жилд 35 өдрийг буюу түгжрэлийн улмаас нийт 2.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.
Зам, тээврийн хөгжлийн яам болон нийслэлийн удирдлага дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэн буй энэ үед Олон улсын тээврийн форумаас “Улаанбаатар хотын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг нийтийн тээврийг хөгжүүлэх замаар бууруулах судалгаа”-г тээврийн загварчлал дээр тулгуурлан хийж буй явдал цагаа олжээ.
Тус төслийн багийн судалгаанд амжилт хүсэж Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас “Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хамарсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх 4 жилийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа явдалд мөн талархаж илэрхийлье” гэв. Үүний дараа Нийтийн тээврийн газар “Улаанбаатар хотын тээврийн систем”, Хот төлөвлөлт, судалгааны институтээс “Хотын бүс, хүн ам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ. Тус семинар үргэлжилж байна.
Нэмэлт мэдээлэл: “Олон улсын тээврийн форум” нь дэлхий 65 улс орны төлөөллийг эгнээндээ багтаасан, олон улсын Тээврийн сайд нарын байгууллага юм. Манай улс тус байгууллагад 2020 оны 5 дугаар сард нэгдсэн оржээ. Тус байгууллагын Тээврийн сайд нарын ээлжит чуулган энэ оны 5 дугаар сард болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор тус байгууллагын нэгдсэн чуулган хойшлогдсоор иржээ.
Эх сурвалж: ЗТХЯ