НийгэмЭнэ сардФото сурвалжлага

“Дэлхий ертөнц үүссэн тухай” оньсогыг тайлаарай

Үлэг гүрвэлийн төв музей Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өчигдөр “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг нээлээ. Шинэ танхимын нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын төлөөлөл болон хүүхэд, залуус, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монголд анх удаа нээгдэж буй энэхүү танхим нь геологийн хөгжлийн 5 эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан, ургамлын үүсэл хөгжлийг харуулсан ажээ. Энэхүү танхимд эрт, дунд, шинэ төрмөлийн орчны талаарх онолын мэдлэгийг үзэгчдэд өгөхөөс гадна эртний амьтан, ургамлын амьдарч байсан орчныг харуулсан панорамм, диорамм, макет, АНУ-аас ирсэн олдворуудыг жакенаас цэвэрлэж шилэн хоргонд байрлуулан бодитоор үзмэр үзүүллэг болгон толилуулж байгаа аж.

Н.Жавзмаа: Шинэ танхимд 200 гаруй үзмэр дэлгэгдсэн

/Үлэг гүрвэлийн төв музейн захирал/

Үлэг гүрвэлийн төв музей маань байгуулагдаад 5 жил болж байна. Энэ  хугацаанд бид гурван танхимыг ашиглалтад орууллаа. Энэ удаагийн Шим ертөнцийн үүсэл хөгжил танхимд дэлхий ертөнц хэрхэн үүссэн оньсогыг тайлах 200 гаруй үзмэр дэлгэгдсэн байгаа. Шинэ танхимд архей, протерозой, палеозой, мезозой, кайнозей эрин буюу хүн төрөлхтөн бидний амьдарч буй эрин явж байгаа юм байна.

Эртний амьтан, ургамал болон Завраполус гээд гол үзмэрийг тойроод Эрдмийн зөвлөлийн дарга н.Ариунчимэгийн 30-аад жилийн хугацаанд цуглуулсан нийт 200 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Үлэг гүрвэлийн төв музейд 1500 гаруй үзмэр бий. Мөн манай судлаачдын цуглуулгаас нэлээд бий. Жуулчдыг татахын тулд манай музей 3000 төгрөгөөр үйлчилдэг. Харин шинэ танхим нээснээр 5000 төгрөгөөр үзүүлж байна.

Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон шинжлэх ухаанч иргэн, эртний амьтан, ургамлыг судалдаг судлаач нарыг бэлтгэх зорилгоор “Бяцхан палеонтологич” боловсролын ажил зохион байгуулж байна.

Д.Батжаргал: Дэлхийн өлгий болсон нутагт амьдарч байгаадаа

 бахархаж, эх оронч байгаасай

/Үлэг гүрвэлийн төв музейн Сэргээн засах албаны эрхлэгч/

2018 оны нэгдүгээр сараас эхлэн энэ танхимыг дэлхийн жишгийн дагуу хийж гүйцэтгэлээ. Хамтран ажилласан баг хамт олон, музейн ажилтнууддаа талархаж байна. Энэ танхимын үзмэрийг үзсэн хүн дэлхий ертөнцийн үүсэл хөгжлийн түүхийг мэдэж авна. Монгол оронд минь хэдэн сая, тэрбум жилийн өмнө дэлхий яаж үүсээд, амьтан яаж үүссэн юм. Эх оронд маань ямар амьтад нь амьдарч байсан гэдгийг мэдэж авна. Тэдний араг яс эх орны минь хөрсөнд шургасан байсныг олж мэдээд эх орноороо бахархаж байгаасай гэж миний хувьд боддог.

Эртний амьтдын ясыг цэвэрлээд сууж байхад янз бүрийн л юм бодогддог. Ийм аварга амьтад манай эх оронд  амьдарч байсан юм байна. Заримдаа олдвор ястай ярилцаж байгаа ч юм шиг санагддаг. Тэгэхээр хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан биш дөнгөж саяхан ч байсан юм шиг бодогддог. Хэдэн зуун сая жилийн өмнө амьдарч байсан биш хэдэн галав юүлсний дараа амьдарч байсан амьтдын ясыг нь цэвэрлээд, босгоод, хүмүүст үзүүлэх ажил хийж байгаадаа өөрөөрөө бахархдаг.

Үзмэрийн танхимыг маш товчоор танилцуулахад, 4.6 тэрбум жилийн өмнө дэлхий хав харанхуй солир буугаад л хаа сайгүй шороо тоос, галт уул дэлбэрээд амьдрал үүсэх ямар ч боломжгүй. Дараа нь ус үүссэн гэтэл нарны гэрэл нэвтрэхгүй байсан. Учир нь дэлбэрсэн гал уулын тоосыг нарны гэрэл нэвтрэхгүй байснаас мөстлөг үүссэн. Дэлхий дээр хоёр удаа мөстлөг үүссэн. Тоос шороо аажимдаа бууж, гал уулын дэлбэрэлт намдаад гэрэл нэвтэрч, мөстлөг хайлж ус  үүсээд, усан дотор  нэг эст амьтад, нялцгай биет, ургамал үүсч, мөлхөгч нь уснаасаа гарсан.

Дунд төрмөл буюу Юрийн галавын үед динозавр үүссэн. Монголд хамгийн их байсан өвсөн тэжээлт үлэг гүрвэл поротосертофс хонь шиг бэлчиж байсан гэсэн судалгаа ч бий. Махчин гүрвэлүүд нь тэднийг барьж иддэг. Хоёр дахь мөстлөгийн үе болж, дараа нь шинэ төрмөлийн эрин болж, үстэй ноостой амьтан үүсч, хүн үүсээд өнөөгийн бидний үе хүртэл үргэлжилж байна. Хамгийн гол нь энэ бүхнийг үзээд зүгээр нэг араг яс биш маш их түүхтэй, дэлхийн өлгий болсон нутагт амьдарч байгаадаа монголчууд минь, хойч үе минь эх орноороо бахархаасай, эх оронч байгаасай гэдэг л миний ганц хүсэл.

Л.Хүрэлбат: Үлэг гүрвэлийн музейг тав дахь удаагаа үзэж байна

/Нийслэлийн V дугаар дунд сургуулийн 8б ангийн сурагч/

Музейг үзэх их таалагдаж байна. Үлэг гүрвэлүүд нэгэн цагт бидний амьдарч байгаа дэлхийг эзэлж байсан  амьтад гэж ярьдаг. Жишээ нь, энэ аварга том загас гэхэд “Усан доторх хаан” гэж нэрлэгддэг, тэр тэмээлзгэнэ шиг амьтанг “Тэнгэрийн хаан” гэж  нэрлэгддэг гэдгийг баримтат киноноос харж байсан. Тэр бүх үзсэнээ бодит мэт үзмэр болгосоныг харах боломжтой болсон байна.

Миний  сэтгэл их хөдөлж байна. Яагаад гэвэл жил бүр төрсөн өдрөөрөө ирж үздэг. Өнөөдөр тав дахь удаагаа үзэж байна. Анх ирэхэд нэг давхарт л ганцхан үзмэр байсан. Одоо шинэчлэгдэж, үзмэр нэмэгдэх тусам бид дэлхийн түүхийн талаар илүү ихийг мэдэж авна.  Энэнд л татагдаад ирж үзээд байдаг юм.

Яанг Юу: Маш бодит, дээд үедээ оччихсон юм шиг санагдлаа

/Олон улсын залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийн удирдагч, “Донг А” Их сургуулийн профессор/

Монголд анх удаа ирээд   музей үзэж байна. Солонгост ажил ихтэй учраас музей үзэх зав гардаггүй байсан. Үлэг гүрвэлийн төв музейд ирсэн чинь маш бодит, дээд үедээ оччихсон юм шиг санагдлаа. Сэтгэгдэл өндөр байна.

Дашрамд дуулгахад, Үлэг гүрвэлийн төв музей нь байгуулагдсан цагаас хойш “Т.батаар гэртээ ирлээ”, “Т.батаар Дарханд”, “Т.батаар ба сор үзмэрүүд”, “Үлэг гүрвэлийн мөрөөр”, “Цэрдийн галавын гайхамшиг”, “Цэрдийн галавын усны амьтад”, “Дунд төрмөлийн эрин”, “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” зэрэг байнгын болон түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлээд байгаа аж.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version