Уул уурхайБайгаль орчинЯрилцлагаОнцлох

Я.Ариунзул: Монголд анхны цогц “Мод үржүүлэг”-ийн газар байгуулна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр нэгдэж, 100 сая мод тарих үүрэг авсан. Энэ хэмжээний модыг хэрхэн тарьж ургуулах, энэ хүрээнд ямар ажил хийх талаар Ногоон хөгжлийн төслийн мэргэжилтэн, доктор Я.Ариунзултай ярилцлаа. 

-Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Би ойн аж ахуйн инженер. Өмнө нь Монгол орны ойн 20 жилийн өөрчлөлтийг хиймэл дагуулын мэдээллээр тооцож, үр дүнг гаргасан төсөл удирдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагад хууль, хяналтын чиглэлээр нэлээн хэдэн жил ажилласан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлан оролцож байна. Энэ том төслийг мэргэжлийн хүнд хариуцуулах нь зүйтэй гэсэн санал санаачилгаар намайг томилсон. Би ч  модыг их хэмжээгээр тарьж ургуулах төсөл юм гэж бодож Эрдэнэтийг  зорьсон.  Ирээд  гурван сар болж байна. 
 

-Манай экосистемийн доройтол дэлхий нийтэд нөлөөлж байна, гэж ярих болж. Үүнийг засах гэж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа байх?

-Мод тарих ойн мега төсөл зөвхөн манайд биш олон  улсад хэрэгждэг. Хятад улсад гэхэд л 4800 км урт 1800 км өргөн газрыг хамарсан “Их ногоон хэрэм” төслийг 1978 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гурван үе шаттай энэ төсөл  2050 онд дуусах юм. Хятад улс Монголын хилийг тойрч эмжээд маш их хэмжээний мод тарьсан боловч, өнөөдөр шар шороон шуурганы асуудал  шийдэгдэхгүй л байна. Манай улсын экосистемийн доройтол дэлхий нийтэд нөлөөлөөд байгаа юм. Солонгос, Япон гээд шар шороон шуурга бүр Америк тивд очдог гэсэн судалгаа байдаг. Үе үеийн Ерөнхийлөгч нар мод тарих асуудлыг хөндөж байлаа. Н.Энхбаяр ерөнхийлөгч “Ногоон хэрэм”-ийг анх санаачилсан. Говийн хэд, хэдэн  аймагт үлгэр жишээ ногоон агро ойн аж ахуй  бий л дээ. 

Дараа нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “Дөрвөн зүг, найман зовхис” мод тарих хөдөлгөөн өрнүүлсэн нь амжилттай хэрэгжиж чадаагүй. Бүх нийтээр мод тарих өдөр бий болгосон нь харин одоог хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. У.Хүрэлсүх ерөнхийлөгч НҮБ-ийн индэр дээрээс Тэрбумаар тоологдох мод тарих амлалт авсан. Мод тарина гэхээр нүх ухаад л мод тариад үлдээх юм шиг ойлгоод байгаа юм. Энэ нь ойн аж ахуйгаар  хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл модыг яаж эдийн засгийн үр ашигтай тарих вэ? гэдэг бодлогоор явах ёстой. 

-Эрдэнэт үйлдвэрт 100 сая мод тарих хүрээнд ямар ажлууд хийх вэ? 

-Эрдэнэт үйлдвэрт цогц ойн аж ахуйгаар 100 сая модыг тарьж ургуулна гэж төлөвлөж байна. Модны үрийн төв, мод тарихад ашиглах хөрсний төв, бүрэн автомат хүлэмжийн аж ахуйгаас бүрдсэн Мод үржүүлгийн газар байгуулах юм. Шат бүртээ инноваци шингэсэн ойн аж ахуй бий болгох том зорилт бий. Энэ чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах юм. Энэ ажлыг үрээсээ эхэлнэ. Мод үрээсээ л эхэлдэг. Манай үрийн төв үрийг боловсруулж, модны үрийн фондтой болох юм. Мод, модлог ургамлын үрийн фондгүй улс орон гэж үгүй дээ, одоо. Өдийг хүртэл манайх үрийн фондгүй явж ирсэн. Энэ бол Монголдоо анхны модны үрийн маш том төв болох юм. Мөчир бол үрийн нэг материал. Модны тайралт таналтаа зөв хийж чадвал Эрдэнэт хотоос, голуудын шугуйгаас олон мөчир бэлдэх боломжтой. Уг мөчрийг 25 см-ээр тайрч, ариутган, ургалт түргэсгэх бодисоор идэвхжүүлээд маш олон мод тарих боломжтой. 

-Үрийг хаанаас яаж авах вэ?

-Тухайн модыг боловсрох үед иргэдэд үр түүх аргыг нь зааж сургана. “Нарсны боргоцой”, “Шинэсний боргоцой” гэдэг ч юм уу арга хэмжээ зохион байгуулж, хүмүүс бидэнд түүсэн үрээ авчирч тушаах юм.  Бид лабораториор шалгаж зэрэглэлийг нь тогтоож үнэлээд авна. Энэ нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, Монгол улсад үрийн фонд бий болгох ач холбогдолтой. Манайх  түүхий үрээр тарьдгаас  50 хувь нь л ургадаг. Энэ асуудлыг шийднэ гэж бодож байна. 

-Хөрсний төвийг яагаад байгуулах болов?

-Нэг см куб хар шороог бэлдэхийн тулд байгаль эх 100 жил хөдөлмөрлөдөг. Манай орны хар шороон хөрс тун нимгэхэн. Хамгийн зузаан нь Халх голд байдаг 1-1,5 м зузаантай. Бусад газарт  дунджаар  2-30 см зузаантай  хар шороон хөрстэй.  Монгол шиг байгалийн хөрсөө ухаад өөр газар хэрэглэдэг улс орон үгүй. Тиймээс бид хөрсний төв байгуулна. Чийгийн улааныг ашиглан  бордоо, хөрс хийх юм. Хоол хүнсний  хаягдлаас сонгино, сармис, мах гурилаас бусдыг бид цуглуулж авна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хоолны хаягдлыг  зохион байгуулалттайгаар авч ашиглах юм.  Мөн цаасны хаягдал, модны навч, малын бууцыг ашиглана. Бууц ялзмагжихаараа бордоо болно. Бид түүнийг гурван  жил хүлээхгүй. Сүүн хүчлийн бактер, ашигт бактераар ялзмагжуулна. Энэ нь намартаа бордоо болоод л гарна. Түүнийгээ бид их хэмжээний мод тарихдаа хэрэглэнэ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн уурхайн  өнгөн хөрс ч манай төвийн чухал түүхий эд болох юм. Тэгэхлээр бид хог хаягдлыг баялаг болгоно гэсэн үг. 

-Хог хаягдлыг ч багагүй хэмжээгээр бууруулах  юм байна? 

-Маш их бууруулна. Тухайлбал нийт хог хаягдлын 30 хувь нь хүнсний хаягдал байдаг. Түүнийг зөв зохион байгуулалтад оруулаад татахад байгальд ялгарах метан хий тэр хэмжээгээр буурна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Энэ эргээд байгальдаа ашигтай болж хувирна. 
-Манай мод үржүүлгийн газрын тодорхой хэсэг нь өрөл модны плантац байх  юм. Энэ хавьд өрөл маш ихээр ургадаг юм билээ. Өрөл нь жимсний модны суурь залгаас болдог. 

-Энэ чиглэлээр 2022 онд Орхон аймагт юу хийх вэ?

-Гэр хорооллын модот гудамж байгуулна. Жимсний модыг шууд тарьдаггүй юм. Эхлээд хайлаас, улиас гэх мэт орчны экосистемийг зөөлрүүлэх мод тарьж  жимсний мод ургах орчныг бүрдүүлж өгдөг юм. Тэгэхдээ зүгээр мод тарихгүй ээ. Эрдэнэт хот Улаанбаатараас зөөдөг хүнсний ногооны нэг хэсгийг ч гэсэн тарихыг зорино. Модот гудамжны хажуугаар амтат төмс, эсвэл улаан лооль ч юм уу тарьж хотын хэрэгцээг хангах байдлаар зохицуулна гэж бодож байна. Хаягдлын аж ахуйг тойруулаад нэг саяыг, Үйлдвэрлэл, технологийн паркад нэг саяыг, Сэлэнгийн нөхөн сэргээлтэд намрын тарилтаар 1,5 саяыг тарина. Мод үржүүлгийн газрын хамгаалалтын зурваст мөн мод тарина. Зарим газар үрээр тарина. Үрээр тарьсан мод амьдрах чадвар сайтай, үр жимсээ сайн өгдөг. Цаашдаа Хангалын голыг бургасаар ойжуулна гэж бодож байгаа. Ингэснээр Хангал голын урсац нэмэгдэнэ. Аль болох хог хаягдлыг дахин эргэлтэд оруулах, саарал усыг ашиглахаар зорьж байгаа. 

-Эрдэнэт үйлдвэр 100 сая модыг зөвхөн энэ бүс нутагтаа тарих уу? 

-Үгүй ээ. 20 саяыг л Орхон, Булган хавиар тарих юм. 20 саяыг нь авто зам, төмөр замын хамгаалалтын зурвасыг малын тэжээлтэй ч юмуу, тэжээлийн ургамалтай хамтатган тарих юм. Замын-Үүдээс эхэлсэн олон улсын чанартай автозамуудын хамгаалалтын зурвасыг үүрэг амлалт авсан уул уурхайн компаниудад БОАЖЯ хуваарилж, ямар модыг яаж тарихыг нэгдсэн бодлогоор зангидана гэсэн. 30 саяыг нь цөлжилт, шар шороон шуурга дэгдэж буйг сааруулах зорилгоор говьд тарина. Бусад 30 саяыг хангайн бүсэд тарих юм.  Улс орны эдийн засгийг солонгоруулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зөв хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Монгол улс эмийн ургамлаар дэлхийд дээгүүр ордог. Монгол шиг хуурай, эрс тэс уур амьсгалд ургамал ашигт бодисоо хамгийн ихээр  бий болгодог. Модыг  дагуулан  эмийн ургамал  тарих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоогийн нөхцөлөөрөө байгаад байвал эмийн ургамал устаж үгүй болохоор байна. Бид үрийн фондоо бэлдэж аваагүй, үр түүх соёл  алга. Түүнийг хадгалдаг шинжлэх ухаан, аж ахуй хөгжөөгүй. Хэрвээ Эрдэнэт үйлдвэрийн энэ төсөл сайн  хэрэгжих юм бол Монголын ойн салбарт оруулж буй маш том хувь нэмэр болох юм.  Эрдэнэт хотын ирээдүйд ч их хэрэгтэй. 

-Та бүхний хийхээр зорьж буй ажилд ямар бэрхшээл тулгарч байна? 

-Манай үйлдвэрийн тухайд үндсэн үйлдвэрлэл л чухал. Энэ бол жижиг зүйл гэх хандлага байна. Үгүй ээ. Энэ бол том аж ахуй. Энэ бол олон улсын төсөл, Монгол Улсын нэр хүндтэй холбоотой  асуудал. Үүнийг  сайн хэрэгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн нэр төрийн хэрэг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны зорьж буй ажилд амжилт хүсье.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version