Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал эхэллээ
Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор дотоод аялал зохион байгуулах бэлтгэлээ хангажээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авснаар “Улаанбаатар төмөр зам”-тай хамтран Эрдэнэт үйлдвэртэй танилцах анхны аяллаа зохион байгуулахаар боллоо.
Сүүлийн жилүүдэд Дэлхийн жишиг, монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцах хүсэлтэй хамт олон, иргэдийн санал их ирж байгааг үндэслэн дотоод аяллын маршрут гаргажээ. Дөрвөн шөнө, гурван өдрийн энэхүү аялал пүрэв гарагийн орой Нийслэлээс эхэлж, тусгайлан бэлтгэсэн галт тэргээр зорчиж, баасан гарагийн өглөө Эрдэнэсийн хотод хүрэх юм.
Эндээс уурхайчид автобусаар үйлчилж, буудалдаа хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээ, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцуулаад, Монголд анхдагч цахим музей үзүүлнэ. Мөн Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцаад, “Сэлэнгэ” амралтын зүг хөдлөх энэхүү аялалд монголын топ компаниуд ажилчдаа хамруулахаар захиалгаа өгөөд эхэлжээ.
Мобиком корпораци гэхэд аялалд хамруулах эхний 200 ажилтныхаа мэдээллийг ирүүлээд байна. Аяллын нийт зардал 455 мянган төгрөг бөгөөд үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарыг дуустал 380 мянган төгрөгөөр аялах боломжийг иргэдэд олголоо. Гэр бүл, найз нөхөд, хамт олон та бүхнийг цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль, найрсаг үйлчилгээ, Монголын ХХ зууны Манлай үйлдвэрийн уурхайчид хүлээж байна.
Эрдэнэт үйлдвэр цаашид гадаад аялал ч зохион байгуулна, гэж “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбат ярилаа.
М.ОДГЭРЭЛ