Тамирчдын амжилтШинэ мэдээ

Монголын цанын холбоонд гүйлтийн цанын хэрэглэл гардуулан өглөө

Монголын Үндэсний Олимпын хороонд Японы цанын холбооноос Монголын цанын холбоонд олгож буй гүйлтийн цанын хэрэгслийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ /2022.3.17/ зохион байгуулагдлаа. Япон Улсын Засгийн газраас спортоор дамжуулан олон улсын хамтын ажиллагаа, харилцаагаа хөгжүүлэх зорилго бүхий “Sport for Tomorow” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд гүйлтийн цанын хэрэгслийг бэлэг болгон гардуулж өгөв.

Өмнө нь тус хөтөлбөрөөр жүдо бөхийн спортод зориулсан тоног, хэрэгслийг Монголд олгож байсан юм. Харин энэ удаад анх удаагаа гадаа явагддаг спортын төрөл, тэр дундаа өвлийн спортыг онцолж, Японы цанын холбооноос 61 хос гүйлтийн цана, 52 хос цанын гутал, 52 хос цанын таягийг Монголын цанын холбоонд гардууллаа.

Тус арга хэмжээнд Элчин сайд Х.Кобаяши, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын цанын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, Монголын цанын шигшээ багийн тамирчид оролцсон бөгөөд Элчин сайд Х.Кобаяши “Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд цанын хэрэгсэл гардуулан өгөх болсонд баяртай байна. Монгол хүн бие бялдрын хувьд хүч тэнхээ ихтэй, чадвартай байдаг нь жүдо бөх зэрэг спортод гаргасан амжилтуудаас харагддаг. Цанын спортын төрөлд ч олон тамирчид бэлтгэгдэн, амжилт гаргахыг хүсэж байна” хэмээн дурдав.

Энэхүү цанын хэрэгслүүд Монголд цанын спортыг хөгжүүлэхэд дэмжлэг болж, цанын спортоор дамжуулан Япон, Монголын харилцаа цаашид өргөжнө гэдэгт найдаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version