Иргэд аюулгүй байдлаа хангавал угаартах эрсдэл гарахгүй
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан. Тус алба нь гэр хорооллын 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байна. Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байна. Мөн өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж.
“Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал энэ талаар “Хяналтын ажилтнууд өрх бүрээр орж ажиллахад угаар мэдрэгчээ авдартаа хийгээд хадгалсан, зай нь дууссан, буруу байрлуулсан, яндангаа хөөлөөгүй зуух пийшингийн битүүмжлэлээ засварлаагүй зөрчлүүд их илэрч байна.
Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөе. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгсөн.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна” гэлээ.
2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Ийм иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй.
Сүүлийн өдрүүдэд дулаарч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартах тохиолдлууд өмнө жилүүдэд олонтөө гарч байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй, эсвэл батерей дууссан гэх шалтгаануудыг хэлдэг. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг албаныхан сануулж байна.
Эх сурвалж: ТТТ