Хууль эрх зүйОнцлох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн танилцуулга

    Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа  Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

    Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 54 тоот захирамжаар байгуулсан.

    Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд ажиллалаа.

Уг хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль 8 бүлэг, 32 зүйлтэй. Уг хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

    1) Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн зэрэг мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг бусад улс орны жишигт тулгуурлан нарийвчлан тодорхойлсон. 

   2)Хуулийн үйлчлэх хүрээг тогтоохдоо хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгаж, хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хууль үйлчлэхгүй байхаар тусгасан.

    Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбогдсон харилцааг энэ хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар тусгасан.

    3) Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоосон. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан. Мөн мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зохицуулалтын талаар тусгаад байна. Мөн сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор оруулсан.

   4) Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эрх, үүргийг тогтоож, тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах талаарх зохицуулалтыг тусгасан.

    5) Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаар тусгасан. Мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан.

    6) Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан.

   7) Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдолд болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан.

    8) Мэдээллийн эзний гомдлыг шийдвэрлэх талаар тусгаж, мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлэхээр, мэдээллийн эзэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохоор тус тус тусгасан.

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА) -ТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦААРАЙ

Улсын Их Хурлын Тамгын газар 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version