Б.Бямбадагва: Эрдэнэт үйлдвэрт хөгжлийн шинэ боломжууд нээгдэнэ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого аж үйлдвэрийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргана гэж судлаачид үзэж байна. Энэхүү бодлого Эрдэнэт үйлдвэрт хэрхэн хэрэгжих, үүнийг дагаж хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлого яаж өөрчлөгдөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагватай цөөн хором ярилцлаа.
-“Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь-2022” форумын ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг 2018 оноос эхлүүлсэн байдаг. Одоо ч эрчимтэй явагдаж байна. Өнгөрсөн жилээс Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт шинэ боломжуудыг олгож байгаа. Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан үйлдвэрлэлийг хэрхэн яаж эрчимтэй хөгжүүлэхэв, техник, технологийн шинэчлэлүүдийг хэрхэн хийхэв гэдэгт тулгуурласан бодлогын баримт бичиг гаргасан. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа явагдана. Шинэ сэргэлтийн бодлого Эрдэнэт үйлдвэрийг илүү хурдацтай хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс бид “Шинэ сэргэлтийн бодлогыг аж үйлдвэрийн салбарт эрчимжүүлэх нь” сэдэвт форумыг санаачлан зохион байгуулж байна. Эндээс бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн сайжруулж аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй, үсрэнгүй хөгжүүлэх чиг баримжаагаа авах өндөр ач холбогдолтой зөвлөлдөх уулзалт болно гэж үзэж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг цаашид хэрхэн зохион байгуулах вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлого үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах олборлолт, боловсруулалтын үндсэн болон бусад техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологид хөрөнгө оруулалтыг чиглүүлж, худалдан авалтыг хуулийн хүрээнд зохион байгуулахад үндсэн агуулга оршиж байгаа. Бид худалдан авах ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд ил тод байх, өрсөлдөх тэгш боломжтой байх, үр ашигтай, хэмнэлттэй байх, үйлдвэрийн газрын онцлогт тохирсон байх, үйлдвэрлэгчидтэй шууд хамтран ажиллах, хүний хүчин зүйлээс үл хамааралтай болгох, мэдээллийн технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэхэд чиглэсэн байдлаар зохион байгуулна.
-2021 оны худалдан авах ажиллагааны үр дүнгийн талаар…?
-Худалдан авах ажиллагаанд цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүд үүссэн амаргүй жил байлаа. Гэсэн ч үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад гол зорилт тавин, хуулийн хүрээнд боломжит бүх аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 1542 тендер зохион байгуулсан. Үүнээс амжилтгүй явагдсан 331 тендер бий. Цар тахлаас шалтгаалсан хил гаалийн хүндрэлүүдийг төр захиргааны бүхий л байгууллагуудтай хамтран ажиллах зарчимд тулгуурлан амжилттай даван туулсан.
-2022 он танай бодлогын газрын хувьд ямар онцлогтой жил байх бол…?
-Өөдрөгөөр төсөөлж байна. Эрдэнэт үйлдвэр 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр үзүүлэлт буюу 900 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэх болно.
-Баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс