“Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага” -ын талаал хэлэлцэв
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдаж буй асуудал, шинэчлэх шаардлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож, Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахаар тусгасан талаар дурдаж, тус яаман дээр хариуцан хийж байгаа хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Мөн хэлэлцүүлэгт “Оюу толгой” ХХК, “Рио Тинто” ХХК, “Гоби Коул Энержи” ХХК, “Макс групп” ХХК, “Грэйт сайрус групп” ХХК, Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл, Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг нийт 40 гаруй хөрөнгө оруулагчдын болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага, Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, зарим хуулийн зохицуулалтын талаар асуулт асууж, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон салбарын бусад хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар тодруулж, саналаа хэллээ.
Цаашид тус яамнаас энэ төрлийн хэлэлцүүлгийг хуулийн төслийн боловсруулалтын явцад буюу хуулийн төсөлд санал авах байдлаар хэд хэдэн удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дурдлаа.