ЯрилцлагаОнцлох

Ц.Булган: Өөрийгөө таних хамгийн хэцүү…

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх “Бизнес академи” Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр  Монголд нэвтрүүлж, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн манлайлагч, удирдагч нарыг сурган бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн “Карьер менежмент” сургалтын багш, Юнайтед карьер консалтинг ХХК-ийн Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булгантай уулзаж ярилцлаа.  

-Та “Карьер менежмент” сургалтынхаа гол агуулгыг эхлээд танилцуулах уу? 

-Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, “Бизнес академи” Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн сургалтыг эх орондоо төрөлх хэл дээрээ суралцах том боломжийг монголын гүйцэтгэгч удирдлагын түвшний хүмүүст нээгээд ажиллаж байна. Ковидын үед гарч ирсэн нэгэн боломж гэж ойлгож болно. Миний хичээлийн агуулга бол өөрийгөө удирдах, бусдыг удирдах, байгууллагаа болон бизнесээ удирдах гэсэн хэсгээс бүрддэг. Хүн өөрийгөө удирдаж сурна гэдэг хамгийн чухал нь. 

-Тэгвэл хоёулаа хүн өөрийгөө хэрхэн удирдаж сурах талаар ярилцъя. Ингэхэд карьер гэж юу вэ?   

-Олон хүн карьер хийх, карьер төлөвлөх гэдэг ойлголтыг өөрөөсөө хол хөндий хүлээн авдаг. Зөвхөн томоохон албан тушаалтай хүмүүст л карьерын асуудал хамаатай мэт бодох нь ч бий. Эсвэл албан тушаал ахих, нэр төр хөөцөлдөх гэж ойлгодог. Гэтэл эсрэгээрээ карьер гэдэг хүн бүрт хамаатай бөгөөд карьер хөгжил бол хувь хүний хөгжлийн цэг юм. Ажил мэргэжил, сонирхол, хобби, спорт, сурч боловсрох зэрэг амьдралын бүхий л талбар карьертай холбогддог. Карьерыг өөрийнхөө зогсож буй цэгийг тодорхойлж, хаана байгаагаа үнэлэх, цаашид хаана байхыг хүсэж буйгаа шийдэх, түүндээ хүрэхийн тулд хийж буй өөрчлөлтийн алхмууд гэж товчоор тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл карьераа төлөвлөхөөс өмнө өөрийгөө сайтар танин мэдэж чадвал тэр хэрээрээ илүү үр дүнтэй төлөвлөгөө боловсруулж чадна. Хүн болгонд өөр зан төлөв, ур чадвар, сонирхол бий. Үйлдвэрийн ажилчид бүгдээрээ гэр бүлтэй, хүүхэдтэй. Таны ерөнхий боловролын сургуульд сурч байгаа хүүхдэд ч 5-р ангиа амжилттай төгсөнө гэсэн карьер байгаа шүү дээ. Карьерийг дагаад амжилт, алдар нэр, ахиц дэвшил ирдэг. Түүнээс албан тушаал карьер гэдэг ойлголт ард хоцорсон. Өмнө нь карьерийг шат ахих гэсэн ойлголт түгээмэл байсан. Одоо бол карьерийн дүрслэл аалзны тор шиг болж байна. Ганцхан дээшээ алхдаг биш, хүсвэл чи доошоо ч алхаж болно. Чиний зорилго хаана ч байж болно. Аз жаргалыг, үнэт зүйлийг, урам зоригийг яаж авч байгаагаас шалтгаална. 

-Өөрийгөө хэрхэн таних вэ? 

-Өөрийгөө таних хамгийн хэцүү. Өрөөлийн толгой дээрхийг хараад, өөрийнхөө толгой дээрхийг харж чаддаггүй шүү дээ. Би ямар зан төлөвтэй вэ, ямар сонирхолтой юм, миний үнэт зүйл юу вэ, миний хобби юу вэ, миний сул тал юу вэ… Эндээс улбаалаад би аль салбарт юуг хамгийн сайн хийж чадах вэ гэдгээ мэдэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хийж байгаа ажлаасаа эрч хүч, урам зориг, сэтгэлийн таашаал авч чадахгүй байвал өөрөөсөө, би зөв албан тушаал дээрээ, зөв ажлаа хийж байна уу. Байгууллагадаа хэр гүйцэтгэлтэй, хэр бүтээмжтэй, хэр үнэ цэнэтэй нэгэн бэ гээд асуугаад үзээрэй. Ганц олдох амьдралдаа үнэхээр буруу салбарт хайран цаг хугацаагаа үрээд байгаа юм биш биз. Тэгвэл хөндлөн шилжилтүүд хийж болно. Нэг хэлтсээс нөгөө рүү, илүү чаддаг салбартаа орох. Өөрийн үнэт зүйлдээ тулгуурлаад карьерийн шилжилт хийвэл тэндээс авах үнэлэмж, сэтгэл ханамж өөр түвшинд очно.  

-Карьер хөгжилд юу хамгийн чухал нөлөө үзүүлдэг вэ? 

-Хоёр зүйл хэлнэ. Овсгоо самбаатай, аливаад эерэг ханддаг суралцагч байх. Саад бэрхшээл байгаатай адил эргэн тойронд боломжууд дүүрэн байгаа. Сэтгэлгээгээ өөрчилж, суралцах хандлагыг өөртөө бий болго. Хоёрт, танилын хүрээгээ тэлэх нь ажил мэргэжлийн хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Маш том чиглүүлэг болдог. Таны авьяас чадварыг үнэлж, тусламж хэрэгтэй үед зөвлөгөө өгөх чадвартай хүмүүстэй харилцаа холбоо тогтоож сур. Өөрийнхөө карьертай холбоотой асуудалд тусламж хүсэхээс, асуухаас бүү айгаарай. Гэхдээ карьерын хувьд таныг дэмжих хүмүүс зөвхөн салбарын шилдэг мэргэжилтэн, ажил хэргийн холбоотой хэн нэгэн байх албагүй. Залуусыг туршлагагүй гэж бүү гол. Шинэ үеийн залуус юу хүсэж мөрөөдөж, юу бодож байгааг мэдэх хэрэгтэй. Тэднээс зөвлөгөө тусламж авдаг байх нь чухал. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн карьерын ТУЗ -ийг өөр өөр түвшний хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй.  

-Хүмүүс ихэнхдээ эзэмшсэн мэргэжлээрээ л карьер хөөх ёстой гэж боддог…? 

-Үгүй шүү. 16, 17 настай байхдаа аяга угаадаг цагийн ажилтай байсан, зөөгч, сайн дурын туслахын ажил хийж байсан чинь ч карьерийн замналд орно. Тэр ажлыг 10 хоног хийсэн ч, сар хийсэн ч тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан байдаг. Тухайн цаг үед тунгаан бодоогүй ч эргээд харахад хүнтэй харилцаад, цаг бариад, хариуцлага үүрээд сурчихсан байдаг. Туршлага, ур чадвар болоод үлдчихсэн байдаг. Өдий наслахдаа хэдэн ажил хийж, хэр олон чадвар өөртөө суулгаж авсан бэ гэдгээ нэг тунгаах хэрэгтэй. Үйлдвэрийн хүмүүсийн хувьд “хайрцагт орох”, тогтсон сэтгэлгээндээ баригдах аюул учрах магадлал их байдаг. Тэгэхээр би цагийг үр бүтээлтэй ашиглаж чадаж байна уу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний амьдралын жилийн зорилго юу билээ, ажлын хувьд тавьсан зорилго, хувь хүний хөгжилд тавьсан зорилго, хобби сонирхлынхоо хувьд юу хийхээр төлөвлөсөн бэ гэдгээ дүгнээд үзэх хэрэгтэй. Ажил-гэр гэсэн амьдралын тойрогтоо баригдаад өөрийгөө хөгжүүлэх, хобби сонирхлоо дагах, тэндээсээ сэтгэлийн таашаал авах гэдгийг мартчихсан байдал түгээмэл ажиглагддаг. Таныг амжилттай ажиллах, аз жаргалтай амьдрах, урам зоригтой байхад хобби сонирхол хүчтэй нөлөө үзүүлдэг. Тиймээс хобби сонирхлоо хэзээ ч бүү орхи. Байнга зэрэгцүүлэн хөгжүүлж авч яваарай. Сэргээж, эрч хүч өгнө.  

-Саад бэрхшээлийг яаж давах вэ? 

-Ажил мэргэжлийн хувьд гацсан эсвэл ухарч байгаа мэт мэдрэмж танд төрж байна уу? Өөрийгөө голох, хэн нэгэн няцаах, шантрах, ядрах, санхүүгийн хувьд хүндрэл тулгарах зэрэг асуудал хүн бүрт ямар нэг байдлаар тохиолддог. Тиймээс ажил мэргэжлийн замналд тань тулгарч буй бэрхшээл, тодорхойгүй нөхцөл байдлуудыг та карьерын амжилтанд хүрэх боломж гэж хараарай. Гэхдээ эхний ээлжинд карьерын мухардалд орсноо хүлээн зөвшөөрөх нь өөрчлөлт хийх эхний алхам юм. 

-Баярлалаа.  

М.ОДГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version