МУИС-д япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулна
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Монгол Улсын Их Сургуулийн захирал Б.Очирхуяг нар /2022.03.01/ Япон Улсын Засгийн газрын “Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав. Төслийн нэр болон агуулга доорхийн дагуу болно. Төслийн нэр: “Монгол Улсын Их Сургуулийн япон хэлний хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”
Тус төсөлд олгогдох нийт өртөг 92,542 ам.доллар буюу 263,190,000 төгрөг юм. Соёлын Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн төсөл Монголд 2005 онд анх удаа хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 9 дэх удаагийн төсөл юм.
Уг төслөөр Монгол Улсын Их Сургуулийн Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбарт япон хэлний хэлмэрчлэхүйн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлж, синхрон орчуулгын дадлага хийх орчин нөхцлийг бүрдүүлэн ангийг тохижуулна.
Монгол Улсын Их Сургууль анх 1975 оноос япон хэлийг зааж эхэлсэн бөгөөд Монголд хамгийн урт түүхтэй япон хэлний боловсрол олгож байгаа дээд боловсролын байгууллага юм. Энэ төсөл хэрэгжсэнээр олон салбарт Япон, Монголыг холбох чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргана гэдэгт найдаж байна.
(*1) Япон Улсын Засгийн газрын Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламж нь төрийн бус байгууллага болон олон нийтийн байгууллага зэрэг ашгийн бус байгууллагад соёл, дээд боловсролын байгууллагын орчин нөхцлийг сайжруулахад ашиглагдах тоног төхөөрөмжийн худалдан авалт, барилга байгууламжийг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлдэг төсөл юм. Энэхүү төслөөр дамжуулан хөгжиж буй улсын соёл, боловсролын салбарын орчинг сайжруулж, тухайн улсуудтай соёлын харилцааг хөгжүүлж, найрамдалт харилцаа болон харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлдэг.