Эдийн засагОнцлох

Б.Лхагвасүрэн: Одоогоор экспорт, импорт хаагдаагүй ч бэлтгэлтэй байх хэрэгтэй

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, Орос, Украины хооронд үүссэн асуудал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канад, Их Британи, Герман, Итали болон Европын холбооноос хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах шийдвэрийг гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын ОХУ-тай хийдэг худалдаа, үйлчилгээний төлбөр тооцоонд асуудал үүсэх, эсэхийг тодруулсан.

Тэрбээр “Бид ковидын ард гарч байна, эдийн засаг сэргэх нь гэсэн хүлээлттэй байж байтал Орос, Украины хооронд үүссэн асуудлаас болж байдал нэлээд төвөгтэй болж байна. Монгол Улс Оросын холбооны улсаас нефтийн бүтээгдэхүүнээ бараг 100 хувь авч байгаа. Энэ гарц эрсдэлтэй болж эхэлнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ аваад төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Олон улсад төлөр тооцоо SWIFT сүлжээгээр явдаг. Бүх банк энэ сүлжээгээр дамжуулж төлбөр тооцоогоо хийдэг. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн.

Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк үүнд багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн мэдээлэл байна. Манай улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсэж магадгүй гэж харж байна. Түркээр дамждаг нэг зам, Беларусаар дамждаг нэг зам бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл алга. Гэхдээ бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. 

Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ. Мөн сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярина. Мөн нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж шаардлагатай нөөц бэлтгэн ажиллах талаар ярина.

Мөн экспорт хумигдаж байгаа энэ үед нөөц дээр тодорхой хэмжээний дарамт ирж байгаа. Гэхдээ оны эхэнд 4.3 тэрбум ам.доллар орчим валютын нөөцтэй байсан. Энэ нь 7-8 сарыг хангах хэмжээний валютын нөөц хангалттай байгаа учраас ханшид тийм их дарамт учруулахгүй гэж Төв банкны зүгээс үзэж байна. Экспорт гарах зайлшгүй шаардлага бий. Интервэнцийн тухайд Монголбанкны хувьд долоо хоногт хоёр удаа дуудлага худалдааг банк хоорондын зах дээр зохион байгуулдаг. Ямар нэгэн тохируулга гэсэн ойлголт байхгүй. 2018, 2019, 2020 онд ханш сулраад явдаг байсан бол 2021 онд бараг хөдөлгөөнгүй байсан. 4-5 хувийн хэмжээний сулралтыг хэвийн гэж хардаг тул тодорхой хэмжээгээр ханш сулрахыг Төв банк огцом савлагаа гэж харахгүй байна. 10-20%-ийн савлагаа үүсвэл харин оролцоно” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version