БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллав
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 2022 онд багтаан Монгол Улсыг 2 удаа тойрон орон нутагт ажиллахаар төлөвлөсөн. Тус төлөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэх болон салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцан шийдвэрлэх чиглэлийг тусгасан. Дээрх орон нутгийн томилолтыг Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, бусад албаныхны хамт /02.24-02.27/-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ: ТАРЬЦ, СУУЛГАЦ НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ
Сэлэнгэ аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах хүрээнд “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болохын төлөө-Та бид хамтдаа” уриалга дэвшүүлж, “Нэг тэрбум мод- Сэлэнгэ аймагт” зөвлөгөөн зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг. 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай аймаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад боломж хэмээн үзсэн. Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилтоо танилцуулсан.
ОРХОН АЙМАГ: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ ААН-ҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Орхон аймгийн газар нутгийн 27.3 хувь нь газрын доройтолд дунд болон сул өртсөн. Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр онцолсон. Иймд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээтэй уялдуулж, Орхон аймгийн хэмжээнд ойн сан, усан бүхий газарт эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж, ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан, оновчтой арга хэмжээ болохыг санууллаа.
Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Ногоон Эрдэнэт” болохын тул 2022 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын тогтоолоор Баян-Өндөр сумын нутагт 26 га талбайд мод үржүүлгийн газар, 2 га талбайд хүлэмж, Жаргалант сумын нутагт 7 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулахаар тогтсон. Орон нутгаас нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарьж ургуулах аж ахуйн нэгж байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан. Үүнд,
- “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 10 сая мод
- “Эрдмин” ХХК 2 сая ширхэг мод
- “Ачит Ихт” ХХК 3 сая ширхэг мод
- “Зэс Эрдэнийн хувь” ХХК 1,5 сая ширхэг мод
- “Ган сэнтий” ХХК 10,000 ширхэг мод тарихаар болсон. Мөн “Мод тарих арга зүй” сургалтад иргэдий хамруулж, гэрчилгээ олгосон юм.
ДАРХАН-УУЛ АЙМАГ: “НОГООН ДАРХАН-2032” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт 2/26/2022-ны өдөр ажиллахдаа ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Тус сургууль нь Бүгд Найрамдах Чех улсын патрик технологиор бортоготой тарьц, суулгацыг жилийн дөрвөн улиралд тарьж ургуулдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхэд жилд 100 мянган ширхэг шилмүүст модны бортоготой тарьц нийлүүлэх аж.
Мөн аймгийн удирдлагууд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсруулсан “Ногоон Дархан” төсөлтэй танилцлаа. Тус төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 2030 он хүртэл 20.0 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ нарийвчилсан төлөвлөлт гаргасан. Үүнд
- Аймгийн ойн сан болсон Зулзагынголд 10 сая нарс мод тарих
- -Үлдсэн 10 сая модыг нэг иргэн жилд 10 мод тарих, ингэснээр2032 оныг дуустал нийт 20 сая мод тарьсан байх юм. Үүнээс
- Шарын гол, Хонгор сумынхан тус бүр 1 сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод
- Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод тарихаар төлөвлөж, жилд дунджаар 680.000-750.000 мод тарих тооцоо гаргажээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажилтай танилцахаас гадна БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд, болон сум дундын ойн ангийнхантай уулзалт хийж, тулгамдсан асуудал, санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгч, шийдвэрлэсэн юм
Эх сурвалж: БОАЖЯ