Энэ сарын 21-н буюу өнгөрсөн даваа гарагаас түгжрэлд нөлөөлдөг 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэх зохицуулалт хийсэн. Хүүхдүүдийн хичээл нэг цагт эхэлснээр замын ачаалал нэмэгддэг. Үүнийг задлах зорилгоор дээрх зохицуулалтыг хийсэн юм.
Зохицуулалттай холбоотойгоор замын нөхцөл байдал ямар байгааг өнөө өглөөний 06:30 цагаас “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шууд дамжуулан үзүүлсэн. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуутай ярилцлаа.
-59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Өмнө нь 07:10 цагаас замын хөдөлгөөний эрчим огцом нэмэгддэг байсан бол одоо 06:30 цагаас аажмаар нэмэгдэж байна. Зохицуулалттай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурна гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Энэ бол замын хөдөлгөөний ачаалал оргил үед буюу өглөөний үеэр 12.5 хувиар буурна гэсэн судалгаа юм.
Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол 07:50-08:10 цагийн хооронд замын хөдөлгөөн нам зогсоох нөхцөл бүрдэнэ. Оргил ачааллын судалгааг хийхэд 06:00-07:00 цагийн хооронд хөдөлгөөний эрчим буюу камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 6:00-07:00 цагийн үед тээврийн хэрэгслийн жигд урсгалаар зорчих хөдөлгөөн ихэссэн.
–Яг одоогийн байдлаар Яармагийн замыг харахад гүүр өнгөртөл ачаалал бага, Таван богдоос эхлээд ачаалал нь нэмэгдэж байна. Ямар шалтгаанаар замын ачаалал ийм харилцан адилгүй байгаа вэ?
-Бусад тээврийн хэрэгслийн жолооч нар чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр хүн буулгаж, суулгах гээд зогсчихдог. Үүнээс болж чиглэлийн тээврийн хэрэгслүүд зогсоолынхоо карманд орж чадахгүй, зам дээр зогссоны улмаас эгнээ хаадаг нь нөлөөлдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд хүргэхдээ нэгдүгээр эгнээнд машин тавьдаг нь замын хөдөлгөөний ачаалалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Тээврийн хэрэгслийн тоо авто замаасаа давсан. Олон улсад нэг машинд ногдох авто замын хэмжээ 36-37 метр байдаг бол Улаанбаатарт нэг машинд ногдох авто замын хэмжээ 2.5-3 метр урт байна. Гэтэл машины урт 4.5 метр байдаг шүү дээ. Бүгд машинаа унаад гарахад Улаанбаатар хотын гудамж, замуудад машин нь багтахгүй. Бүр зайгүй зогсоно. Ийм тоон үзүүлэлт гарсан нь автомашин хэт их болсонтой холбоотой.
–Сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт аль хэсэгт илүү сайн үйлчилж байна вэ. Зарим газарт ачаалал улам нэмэгдлээ гэсэн шүүмж байна?
-Сургуулийн эхлэх хуваарьт өөрчлөлт ороод удаагүй учир үр дүнг тооцоход эрт байна. Иргэд зорчилтын хэвшил, дадалд ороход хугацаа хэрэгтэй. Ер нь 14 хоногийн хугацаанд үр дүн гараад явна. Замын хөдөлгөөн дээр урьдчилсан тооцоо, судалгаа хийнэ гэдэг бол программчлалын түвшинд, мэргэжлийн инженерчлэлийн түвшинд хийхээр үр дүн өгдөг. Гэтэл замын хөдөлгөөний хууль, дүрмийн хэрэгжилт байхгүй болсноор судалгааны дүн унадаг. Мөн жолооч, иргэд дүрмээ зөрчиж эрсдэл гаргах нь элбэг.
–Яармагийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болгоё гэдэг санал иргэдээс гарч байна. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Нийтийн тээврийн зорчилт хөдөлгөөнийг дэмжсэн сонголт хийж байж түгжрэлээс ангижирна. Яармагийн хувьд Нисэхийн тойргоос “Мишээл экспо” хүртэл энэ зохицуулалт нь боломжтой. Энхтайваны гүүр хоёр эгнээ учир боломжгүй. Өөрөөр хэлбэл, өргөн гудамж, замуудаар нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах боломжтой юм.
-Осол аваар замын хөдөлгөөнд хэр нөлөөлдөг вэ?
-Ослоосоо шалтгаална. Зарим нь даатгалын газраа хүлээгээд 2-3 цаг болдог байхад зарим нь 20-30 минут болно. Хохирол багатай бол иргэд хоорондоо тохиролцоод, шууд хөдөлгөөнд оролцох нь бий. Камерт бүртгэгддэгээр өдөрт багадаа 16 осол гардаг.
Өчигдөр шөнийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн хэмжээнд 308 дуудлага ирснээс 24 дуудлага, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй, 245 нь зөрчлийн шинжтэй, 24 нь согтуу жолоочтой холбоотой, 27 нь бусад төрлийн дуудлага байна. Өчигдөр шөнө нийт 98 согтуу жолоочийн зөрчлийг илрүүлсэн. Жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Мөн өчигдөр шөнө жолоодох эрхгүй 40, эрүүлжүүлсэн 15 жолооч бүртгэгдсэн.
–Зам дээр осол гарсан нөхцөлд түгжрэл хэр хугацаанд арилах вэ?
-Зам тээврийн осол гарахад 15-20 минутын дотор ойролцоох хоёр километрийн радиуст нөлөөлж, уулзварууд дахь хөдөлгөөнийг нам зогсоход хүргэдэг. Осол гаргасан машинууд замаа чөлөөлсөн ч замын ачаалал хэвийн хэмжээнд хүрэхийн тулд хугацаа шаарддаг.
–Сургуулийн цагийг зөрүүлэх зохицуулалт, ажлын цагийг уян хатан байлгах зөвлөмжтэй хамтцогц хэрэгжсэнээр үр дүн гарна. Үүнд аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?
-Аж ахуйн нэгж, байгууллагууд дотроо ажилтны зорчилтын судалгаа хийж, гаргасан шийдвэрийг дэмжвэл үр дүнд хүрнэ. Бид дангаараа түгжрэлийг шийдэж чадахгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР