Гадаад харилцааTravelОнцлох

Монгол Улсад суугаа Элчин сайд нарт аялал жуулчлалын бодлогоо танилцуулав

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их эдийн засгийн хохирол амссан салбар болоод буй. Монгол Улс хилээ нээж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын бодлогоо танилцуулах арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран зохион байгууллаа.

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт 24 Элчин сайд, Олон улсын 9 байгууллагын суурин төлөөлөгчидтэй уулзсан тус уулзалтын үеэр Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй ховор нандин ном бүтээлийн дээжисийг танилцуулж, Монгол орны аялал жуулчлалын зорин очих газрыг VR төхөөрөмжөөр үзүүлж, аялал жуулчлалын бүсчилсэн маршрутын талаар мэдээлэл өгч, уран бичлэгийн гайхамшигт татлагаар бэлэг барьсан юм. Мөн Монголын үндэсний урлаг, дуу хуур, бүжгийн тоглолтоор бэлэг барьж, загварын үзүүлбэр сонирхуулсан билээ.

Энэхүү уулзалтыг нээж Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Цар тахалтай нүүр тулсан өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс хилээ нээж жуулчин хүлээн авах бэлтгэл ажлыг үе шаттай ханган ажилласан. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексээр хойгуур байранд ордог визний асуудлыг хялбаршуулах өөрчлөх зорилгоор Засгийн газраас тусгайлсан журам батлан гаргалаа. Ингэснээр 36 орны жуулчдад цахим виз олгож эхэлсэн. Улмаар Гадаад харилцааны яамтай хамтран цахим виз олгох улс орнуудын тоог шат дараалалтай нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хил орчмын жуулчдад зориулсан 72 цагийн виз олгож эхэлсэн нь хөрш орнуудтай харилцах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм. Агаарын тээврийг либералчлах асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Аялал жуулчлалын салбарт нислэгийн хуваарь тодорхой байх асуудал чухал байдаг. Энэ асуудлыг зохицуулах чиг үүрэг бүхий “Агаарын тээвэр-Аялал жуулчлалын зөвлөл”-ийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран байгуулж ажиллаж байна.

Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод 1 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, боломж, нөөц бололцоог тодорхойлох чиглэлээр талуудын уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж нээлттэй хэлэлцлээ. Та бүхэнтэй өнөөдөр уулзаж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.

Бидний зүгээс гадаадын жуулчдыг хүлээн авах талаар шинэчилсэн цогц мэдээллийг агуулсан гарын авлагыг бэлтгэн та бүхэнд хүргэхээр ажиллаж байна. Өөрийн орны аялал жуулчлалын асуудал хариуцсан яамд, холбогдох талуудад бидний мэдээллийг хүргэж бидэнтэй хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Өнгөрсөн долоо хоногт хоёр хөрш орныхоо элчин сайд нартай уулзаж хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх, Ханх–Мондын боомтын үйл ажиллагааг сайжруулах зэрэг олон асуудлаар санал солилцсон. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний үр дүнд Та бүхэнтэй тодорхой асуудлаар санал солилцон бодит зарим ажлуудыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийтээрээ шинэ нөхцөлд шинэ гараанаас хөдөлж эхэлж байгаа аялал жуулчлалын салбарын боломж, давуу талаа ашиглан энэ онд дэлхийн улс орнуудын Аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгахад таатай байна.

Та бүхэн бидний зүгээс дэвшүүлж буй энэхүү санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахыг хүсч байна. Улс орнуудын Аялал жуулчлалын сайд нар манай оронд нэг дор хуран цугларснаар өнгөрсөн 2 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбарт бий болоод буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэн, гарц шийдлээ хамтран тодорхойлох боломж бий болох ач холбогдолтой гэж үзэж байна. Та бүхэнтэй энэ болон бусад олон асуудлаар хамтран үр дүнтэй ажиллахад бидний зүгээс бүхий л хүчин чармайлт гаргаж ажиллах болно” хэмээн онцлов.

Түүний дараа Соёлын сайд Ч.Номин “Та бүхэнд энэ оройн мэндийг хүргэе. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ковидын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх чиглэлд аялал жуулчлалын салбар зүй ёсоор багтаж, салбарын оролцогч талуудтай цуврал уулзалт зохион байгуулж байгаа. Энэ удаад улс орноо төлөөлөн суугаа Элчин сайд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаад баяртай байна. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүнд сорилтуудтай тулгарч, ДНБ хэмжээ 5.3 хувь хүртэл агшиж, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудын орлого үйл ажиллагааны төрлөөсөө хамааран 50-84 хувь хүртэл буурсан. Мөн нийт соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний тоо 41 хувиар буурсан. Эдгээр амаргүй нөхцөл байдлыг даван туулж, эдийн засгийг тэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулаад байна. Энэ бодлогын хүрээнд Засгийн газраас хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэн, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

Энэ ч утгаараа Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран Монгол Улсыг гадаадад нэг цонхоор, нэг имижээр сурталчлах, аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Соёлын яамнаас үндэсний соёлын үнэт зүйлийг судлах, нэгдмэл байдлыг хангах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүндээ тулгуурлан дэлхий нийтэд хамаарах үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлон Монгол Улсыг гадаадад хэрхэн таниулж сурталчлах, жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний брэндингийг тодорхойлон, маркетинг, коммуникацийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм. 

Аялал жуулчлалын салбарын судалгаануудаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг тул бид түүх, соёл, язгуур урлаг, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Түүнчлэн “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музейн шинэ барилга зэрэг орчин үеийн олон улсын стандартад нийцсэн соёлын барилга, байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Мөн түүх, соёлын аялал жуулчлалыг бүсчлэн буюу тухайн орон нутгийн онцлогт тулгуурлан аялал жуулчлалын шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн нэвтрүүлэх, улирал, маршрут нь тодорхой эвент арга хэмжээнүүд зохион байгуулах судалгааг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.

Аялал жуулчлалын салбарын цар хүрээ өргөн тул тус салбарын шинэ сэргэлтийн бодлогыг зөвхөн нэг яамны бус харин Засгийн газрын тэргүүлэх бодлогын түвшинд авч үзэж байгаа бөгөөд зөвхөн дотоод хүчин зүйл болох төр болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаанаас гадна гадаад орчны нөхцөл байдал, харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа чухал байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаас Та бүхэн мөн олж харна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байгаа. Мөн вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой гэж Монгол Улсын Засгийн газрын мэдэгдсэнийг энд дахин уламжлахыг хүсэж байна. 

Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө бид хичээнгүйлэн ажиллаж байгаа учраас Монгол Улсад суугаа Элчин сайд, суурин болон Олон улсын төлөөлөгч Та бүхнийг бидэнтэй ойр дотно хамтран ажиллаж, улс орондоо Монгол Улсын бодлого шийдвэрийг хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

1 / 19

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version